Цагдаагийн байгууллагад 2018 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 46000 гаруй дуудлага мэдээлэл ирснээс 3300 орчим нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн нь тогтоогдож хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага өгсөн иргэнийг цагдаагийн алба хаагч зөрчил гаргагчийн дэргэд илчлэх тохиолдол гардаг байна. Тиймээс тухайн дуудлагыг өгсөн хүмүүс гэрч болохоос зайлсхийж, улмаар өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн байгууллагад дуудлага өгөх үүргээсээ татгалзах хандлага гарах болсон байна. Энэ талаар бид Улаанбаатар хотын цагдаагийн газрын Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцсан юм.
-Өнгөрсөн жил гэр бүлийн хүчирхийллийн тухай 43 мянга орчим дуудлага мэдээлэлд хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдоогүй байна. Тэгэхээр тэр бүгд хуурамч дуудлага байсан юм уу?
-Тухайн гэр бүлийн хэн нэгнээс, эсвэл хөршөөс нь ирсэн гэх нийт 46000 гаруй удаагийн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өнгөрсөн онд бүртгэгдсэн юм. Тэр бүгдийг цагдаагийн байгууллага шалгаад 3300 нь үнэхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ гэж тогтоогоод шүүхээр шийдвэрлүүлсэн. Дуудлага ирсэн дариуд нь баривчилдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн зүгээс урьдчилан сэргийлэх байдлаар ч гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг цагдаагийн байгууллагад ирүүлдэг. Магадгүй хүний биед халдах гэж ч байсан байж болно. Тэгэхээр бусад нь хуурамч дуудлага байсан гэж ойлгож болохгүй.
-Хүчирхийлэл үйлдээгүй гэж тогтоогдсон дуудлагыг тухайн үед газар дээр нь очоод шалгахад ямар нөхцөл байдалтай байдаг юм бол?
-Жишээ дурдахад, “энэ айлд хүүхэд уйлаад байнаа” гэсэн дуудлага ирнэ. Цагдаа очоод шалгахад цагийн тарианд орсон хүүхдүүд байдаг. Гэхдээ буруу дуудлага өглөө гэж буруутгадаггүй, иргэний үүргээ баатарлагаар биелүүллээ гэж үзнэ. Магадгүй тэнд хүчирхийлэл үйлдэж байсан бол гэдэг асуудал яригддаг учраас цагдаа хэзээ ч “яагаад буруу дуудлага өгч байгаа юм бэ” гэж буруутгадаггүй гэсэн үг.
-Зөрчил гаргасан этгээдэд мэдээлэгчийг илчилсэн тухай хэд хэдэн хүнээс сонссон юм. Жишээлбэл, дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нь хүчирхийлэл үйлдэгчийн дэргэд тухайн хөршийг дуудлага өгснийг нь лавлаж баталгаажуулсан байдаг. Энэ тохиолдолд мэдээлэгч нь гэрч болно гэсэн үг биш үү. Үүнээс болж наанадаж хөршүүдийн харилцаанд сөргөөр нөлөөлөх, цаашилбал мэдээлэгчийн аюулгүй байдалд заналхийлэх явдал гарч мэднэ гэж эмээдэг юм билээ. Гэрч, хохирогчийг хамгаалах ёстой биз дээ?
-Энэ бол дам яриа. Яг ийм асуудлаар ирсэн гомдол одоогоор ирээгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар цагдаагийн алба хаагч нь гэр бүлийн хүчирхийллийн талаар байгууллага, иргэнээс ирсэн мэдээлэл, иргэний аюулгүй байдлын нууцлалыг хангах ёстой. Энэ тухай Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23.6-д тусгасан байгаа. Аюулгүй байдлын нууцлалыг хангаагүй бол тухайн алба хаагч цагдаагийн байгууллагад цаашид ажиллах эсэх асуудал яригдана.
Гэхдээ ийм гомдол бидэнд ирээгүй байна. Цагдаагийн алба хаагчид ийм асуудал гаргадаггүй учраас дуудлага мэдээлэл өмнөх оноосоо өчнөөн хувиар өсч байгаа гэж бодож байна.
-Гэхдээ иргэд тэр талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж явахаас илүүтэй, дахиж дуудлага өгөхгүй гэж ярих юм билээ.
-Манай цагдаагийн алба хаагчид мэдээлэгчийн нууцлалыг хангах үүргээ маш сайн мэддэг. Хэрэв гомдол ирвэл ямар тохиолдлын ямар дуудлага дээр, яагаад вэ гэдэг байдлаас ихээхэн шалтгаалж тухайн цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа хийгдэнэ. Тэгээд гэрчийн аюулгүй байдлыг хангана, нууцлана гэдэг асуудал хөндөгдсөн бол шүүх дээр очиж шийдвэрлэгдэх юм. Үнэхээр танд ярьсан хүмүүст тийм асуудал гарсан бол тэнд хүний амьд явах баталгаа яригдаж байгаа гэсэн үг шүү дээ. Хэрвээ гомдолтой байгаа бол шууд хяналт шалгалт, ёс журмын газарт мэдээлэх боломж иргэдэд нээлттэй.
-Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэхгүй бол иргэд хариуцлага хүлээх хуулийн заалттай. Харин монголчууд бид “амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр болсон нь дээр” гэж үздэг хүмүүс. Гэхдээ дуудлага өгснөөсөө болоод дэргэдэх хэн нэгнийхээ өстөн болох вий гэхээс зайлсхийдэг хүмүүс бий. Тэр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Зөрчлийн хуулинд оруулсан иргэний мэдээлэх үүргийн тухай товч тайлбар өгье. Жишээ нь, нэг гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэж байлаа гэхэд тэр үйлдлийн талаар цагдаад заавал мэдээлж байж тухайн гэр бүлийн аюулгүй байдлыг хангаж чадна. Тэгэхээр тэр тухай дуудлагыг ирүүлэхийн тулд энэ заалт хэрэгжиж байна гэж энгийн байдлаар ойлгож болно. Хэрэв мэдсээр байж мэдээлээгүйгээс болж ямар нэг ноцтой хэрэг гарч мэднэ шүү дээ. Тиймээс энэ хариуцлагыг хуулинд хоёр зуун мянган төгрөгийн торгуультай тусгасан байгаа юм.
Иргэд ч үүргийнхээ дагуу мэдээлдэг болж, дуудлага цаг тухайдаа ирж, тэр хэрээр гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага нэмэгдэх болсон.
-Гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага нэмэгдэж байгаа нь иргэд үүргээ сайн биелүүлж байгаатай холбоотой юу, эсвэл нийгмийн амьдралтай холбоотойгоор хүчирхийллийн хэрэг нэмэгдээд байна уу?
-Гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага нэмэгдэж байгааг эергээр харвал, тухайн өрх гэр бүлийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалж чадаж байгаа гэсэн үг. Иргэд хуулийн дагуу үүргээ сайн ухамсарлаж, биелүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн гишүүд ч аюулгүй байдлаа хангах үүднээс цагдаагийн байгууллагад их ханддаг болсон.
Эцэст нь хэлэхэд, цагдаагийн алба хаагчид иргэдээс ирүүлсэн дуудлага бүрийг газар дээр нь очиж шалгаж байгаа учраас тухайн нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.