УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөл, Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан санал, төсөлд улс төрийн намууд, төрийн болон ТББ-ын саналыг авч нийцүүлэх хэлэлцүүлгийг Төрийн ордонд эхлүүлсэн. Улс төрийн намын дарга, судлаачид энэ асуудлыг ард түмнээр өргөн хэлэлцүүлэх ёстой хэмээн үзэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын байр суурийг хүргэе.
-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлсэн ч хоёроос гурван хуулийн төсөл байгаа нь ойлгомжгүй байгаа. Та ч бас энэ талаар асуулт асууж байсан. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх тухайд та ямар байр суурьтай байна?
-УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар улс төрийн намууд, зарим судлаач, энэ талаар санаа бодлоо хэлэх эрх бүхий субьектуудыг урьж хэлэлцүүлэг явуулж байгаа нь сайн хэрэг.
Бид ийм хэлэлцүүлэг хийх хэрэгтэй гэдгийг шаардаж байсан. Өргөн олноор хэлэлцүүлэхгүй зөвхөн УИХ, Засгийн газрын гишүүд хоорондоо яриад батлах гээд байгаа нь зарчмын хувьд учир дутагдалтай байна гэдэг өнцгөөс шүүмжлэлтэй хандаж байсан. Та бүхэн сая асуулаа, хоёр төсөл яриад байна гэж. Бид вэб сайтуудаар ороод харахад дөрөв таван төсөл яригдаад байгаа. Аль төслийг нь хэн өргөн барьсан юм бэ, яагаад хоорондоо ялгаатай байгаа юм бэ. Заримыг нь энгийн хувилбар гээд биччихсэн, яагаад тэгж бичсэн нь ойлгомжгүй. Тэрийг нь асуухаар ард түмэн сайн ойлгохгүй учраас энгтийн болгосон гэж тайлбарлаж байна. Ард түмэнд ойлгуулах гэж энгийн болгосон төслөө УИХ дээр хэлэлцэж болохгүй шүү дээ. Ард түмнээ ойлгохгүй гэж дүгнээд тийм учраас энгийн болгосон гэж ярих нь учир дутагдалтай. Тиймээс яг аль төслийг ярьж байгаагаа тодорхой болгоё гэж байгаа юм. Тэрийг тодорхой болгосныхоо дараа “болж байна”, “болохгүй байна” гэдэг саналаа хэлье гэж байгаа юм. Хоёрдугаарт, энэ хэлэлцүүлэг өөрөө яг хуулийн дагуу явах ёстой. Хуулийн дагуу явахын тулд тэр хуульд хэвлэл, мэдээллийн байгууллагыг ил тод байдлаар оролцуулаач гэж байгаа. Болж үзвэл, Eagle телевиз, ТV-9, 25 дугаар суваг телевизтэй хамтраад ч юм уу, эсвэл МҮОНРТ-тэй хамтраад энэ асуудлаар бүх талыг хамруулсан мэтгэлцээн зохион байгуулж болохгүй юм уу гэж байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгч нэг саналтай, УИХ өөр саналтай гээд яриад байна шүү дээ. Ерөнхийлөгч бол “Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно. Бусад гишүүд болохгүй” гэж байна. УИХ болохоор Ерөнхий сайд болон нэмэх нь дөрвөн сайд УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн байж болно гэж байна.
Тэгэхээр зөрүүтэй саналуудаар талууд мэтгэлцмээр байна. УИХ яагаад дөрвөн гишүүнээ сайд байж болно гэж зүтгүүлээд байгаа юм бэ. Яагаад Ерөнхийлөгч “Дөрөв биш ээ, ганц Ерөнхий сайд нь л УИХ-ын гишүүн байж болно” гэж маргаад байна вэ. Үүний онолын үндэслэл нь юу вэ. Энэ нь эргээд Монгол Улсад хортой юу, эсвэл сайнаар тусах уу. Ингэснээр сайн, муу ямар үр дүн гарах гээд байгаа юм бэ гэдгийг мэтгэлцэж, ард түмэндээ хүргэж, ойлгуулахгүй, өнөөдөр хэлэлцүүлэг гээд товчхон тайлбарууд хэлээд явчихаар саяхан баяр наадмаа тэмдэглээд, амарч аялаад хөдөө гадаа явж налайчихсан байгаа ард иргэд маань энэ талаар ойлголт авч чадахгүй. Ингээд 2-3 хүн хоорондоо ярьж байгаад шийдчих гээд байна шүү дээ.
Үндсэн хууль бол Монголын амьдралыг зохион байгуулж байгаа гол хууль, ийм чухал заалтууд байдаг атал анзааргагүйгээр явчих гээд байна шүү дээ. Тиймээс бид аль болох мэтгэлцээн зохион байгуулаач, ид тод байлгаач гэж байгаа. Хүмүүс амарчихсан үеэр яаран битгий хэлэлцээч гэсэн саналтай байгаа.
-Гүйцэтгэх засаглалтай холбоотой өөрчлөлтийн асуудалд та бүхэн ямар саналтай байгаа вэ?
-Угаасаа Үндсэн хууль маань өөрөө онолын дагуу явах ёстой юм. Харамсалтай нь сая зарим гишүүн онолын дагуу биш, нэг хүний, эсвэл хэдэн хүний тухай яриад тэрийгээ Үндсэн хуулийг өөрчлөх үндэслэл маягаар тайлбарлаж байгаад би харамсч байна. Миний хувьд үүнийг онолын дагуу хийх ёстой гэж үздэг. Ямар онол байдаг вэ гэвэл, Үндсэн хуулийг засаглалын эрх мэдлийг хуваарилах онолын дагуу, бие биеэсээ шалтгаалдаггүй, бие биенийхээ хэрэгт хутгалдан ордоггүй, бие биеэ хянах, шаардлагатай бол хариуцлага тооцох гэх мэт дор хаяж ийм гурван засаглалд хуваарилаач гэсэн онол байдаг. Нэг нь зөвхөн хууль тогтоох чиглэлээр ажиллах парламент, нөгөө нь хууль хэрэгжүүлэх, гүйцэтгэх ажлыг хийнэ, энэ бол Засгийн газар. Гурав дахь нь зөвхөн шүүх ажлыг явуулах шүүх эрх мэдэл. Энэ гурвыг гурвууланг нь ард түмэн сонгох ёстой. Гэтэл өнөөдөр парламентыг ард түмэн сонгодог, Засгийн газрыг сонгож чаддаггүй.
Засгийн газар нь парламент дотроос төрдөг. Парламент, Засгийн газар хоёр хоорондоо холилдоод уусчихсан. Хаана нь Засгийн газар, хаана нь парламент байгаа нь ойлгомжгүй байгаа. Тэгэхээр парламент хариуцлага тооцож чаддаггүй. Ийм замбараагүй байдлаас болж, сүүлийн 27 жил Монголд хариуцлага тооцдог субьект байхгүй, нэг л хачин эзэнгүй улс орон боллоо гэж шүүмжлээд байгаа юм.
Бид үүнийг онолын дагуу хийе. Ард түмэн өөрсдөө Засгийн газраа байгуулъя гэсэн саналыг дэвшүүлдэг.
-Ард түмний Засгийн газрыг яаж байгуулах вэ ?
-Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлж ажилладаг. Парламентад намууд өрсөлдөөд олонх, цөөнхөө бүрдүүлнэ. Ерөнхийлөгчийг сонгож байгаа, намууд парламентад олонх, цөөнх болж байгаа хоорондоо холбоогүй. Парламент хууль тогтоох байгууллага, нөгөөх нь Засгийн газар. Засгийн газар ард түмнээсээ төрөх ёстой. Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж, сонгуулийн үеэр амласнаа хэрэгжүүлэг. Жишээ нь Х.Баттулга Ерөнхийлөгч өөрөө бол үгүй гэдэг, ард түмэн бол амласан л гэдэг “бидний зээлийн асуудлыг шийднэ гэсээн” гэж ярьцгаадаг. Одоо ч гэсэн биднийг хөдөөгүүр явахад иргэд энэ талаар их асуудаг. Гэтэл одоо тэр хүнд бололцоо байхгүй, тийм эрх мэдэл байхгүй. Тэгээд УИХ-д тэр асуудал ороод тэр болгон амжилт олохгүй. Тийм учраас Засгийн газар Ерөнхийлөгчөө сонгоод явбал ард түмэнд амласнаа хэрэгжүүлэх боломжтой. Хэрэв Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох юм бол нэг ч Засгийн газрын гишүүн парламентын гишүүн байхгүй. Ингэж гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага хоёр тусдаа болно. Бие биеэ хянах бололцоо бүрдэнэ. Тэгэхгүй бол дутуу алсан могойтой адил Ерөнхий сайд нь ч гэсэн парламентын гишүүн байх нь буруу. Дахиад хоёр байгууллага холилдоно. Одоогийн хуулиар олонх болсон намын дарга Ерөнхий сайд болно. Тэгэхээр олонх болсон намын дарга парламентын гишүүн байгаад парламентаа ч мэдээд, Засгийн газраа ч мэдээд явчих нь. Энэ хоёр байгууллагыг хооронд нь хольж хутгаад нэг хүн толгойлчихоор бие биеэ хянаж чадахаа байгаад хяналтаас гадна, хариуцлага хүлээдэггүй буруу тогтолцоо үүсдэг. Үүнийг засаачээ гэж бид хэлээд байгаа юм.
-Та Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналаас алийг нь дэмжиж байна вэ?
-Би сая саналаа хэлсэн. Тийм учраас Ерөнхийлөгчийг тууштай байгаач гэж хэлмээр байна. Өөрт нь эвгүй байгаа юм шиг байна, Ерөнхийлөгч Засгийн газрыг толгойлно гэсэн санал оруулахаар өөрийнхөө тухай ярьж байна гэж хүмүүс бодно гэж бодож байж магадгүй. Гэхдээ тэгж болгоомжлох хэрэггүй юм. Угаасаа засаглалыг хооронд нь хольж хутгаж, нэг өмд цамцанд оруулж болохгүй шүү дээ. Хоёр байгууллага тусдаа байх ёстой. Энэ онолыг мэддэг эрдэмтэн судлаачдынхаа оролцоог хангаж, Засгийн газрыг Ерөнхийлөгч тэргүүлдэг байхаар ард түмэн сонгоё. Парламентыг намууд өрсөлдөж олонх, цөөнхөөрөө орж хууль тогтоох үйл ажиллагаа явуулдаг байя. Шүүхийг ч гэсэн ард түмэн сонгож, ард түмний төлөө үйл ажиллагаа явуулах ёстой. Ямар нэг байдлаар хараат бус шударга ажилладаг ийм гурван эрх мэдлийг бий болгооч гэсэн саналыг бид дэвшүүлж байгаа.
-УИХ-ын гишүүдийг 108 болгох саналыг та юу гэж үзэж байна?
-108 бол дэндүү олон байна. Бид энэ тоог 55 болгоосой гэж үздэг. Дээр нь хоёр танхимтай парламенттай байгаасай гэж боддог. Байнгын ажиллагаатай парламент нь 55 гишүүнтэй байхад хангалттай. Байнга биш, хуучин Ардын Их Хурал гэж байсан, тэр нь жилд хоёр удаа хуралддаг арай олон гишүүнтэй байгаад байнгын ажиллагаатай парламентынхаа алдаа оноог хянадаг, засдаг байвал УИХ сайн ажиллана. Түүнээс 76 хүнтэй, дотроосоо Засгийн газраа төрүүлдэг, олонхи болсон намын дарга нь Засгийн газраа ч, УИХ-аа ч мэддэг байдлыг улам гүнзгийрүүлэн лавшруулж, бэхжүүлэх гээд байгаа нь учир дутагдалтай.