Дүрслэх урлагийг дэмжигч ХААН Банкны төв байранд байрлах ХААН галерейд дөрвөн уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 4-25-ныг дуустал олны хүртээл болж буй билээ. Дөрвөн өөр уран бүтээлчийн дотоод ертөнцийг дэлгэн харуулсан уг үзэсгэлэнгийн нэр “Дөрвөн хөх”. Дүрслэх урлагийн дээд сургуулийг нэгэн үед сурч төгссөн дөрвөн бүсгүй 10-аад жил бүтээл туурвиагүй явсан ч нэг л өдөр хамтарч үзэсгэлэн гаргахаар зориг шулууджээ. Ингэхдээ өөр өөрийн гэсэн өнгө аяс, арга барилыг илэрхийлэхүйц цоо шинэхэн уран бүтээлээ тайлагнаад буй юм.
МУЭХ-ны гишүүн зураач Б.Гэрэлцэцэгийн хувьд голчлон эмэгтэйчүүд болон цэцгүүдийг өнгөлөг, хийсвэр хэлбэрээр дүрсэлдэг төдийгүй үндэсний бэлгэдлүүдийг өргөнөөр ашигладаг онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнд тэрбээр өөрийн арга барилыг эвдсэн цогц бүтээл дэлгэсэн нь “Миний нүд бусдын нүд” хэмээх инстоляци юм.
Зураач Н.Мөнхзаяа “Оддын сэрчигнээн” хэмээх бүтээлээ бага насны дурсамж сэтгэгдлээс үүдэн зуржээ. Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн охин тэрээр урлагийн орчинд өссөн бөгөөд хөгжим сонсоход оддын дундуур аялж яваа мэт сэтгэгдэл төрдөг байсныг ийнхүү бүтээлдээ буулгасан аж.
Холимог техникийн таван өөр өнгийн бүтээл Б.Сарангоогийнх. “Харсан” нэртэй уг цуврал бүтээлдээ тэрээр таван махбодийг дүрсэлсэн ажээ. Харин уран бүтээлч Э.Урьханы хувьд үзэсгэлэнд хоёр төрлийн бүтээлээрээ оролцож буй. Нэг нь таазнаас шал хүртэл унжуулан байрлуулсан том хэмжээний эсгий урлалын бүтээл, нөгөө нь гар нэхмэл хивс юм. Эсгийн дээр “Үлэмжийн чанар”-ын таван бадгийг уйгаржин монгол бичгээр бичсэн нь тун донжтой харагдуулж байв.
Уран бүтээлч Б.Гэрэлцэцэг, Э.Урьхан, Н.Мөнхзаяа, Б.Сарангоо нарын хамтарсан “Дөрвөн хөх” үзэсгэлэнг өндөрлөхөөс нь өмнө та бүхэн заавал зорьж ирж үзээрэй. Үзэсгэлэн ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч буй бөгөөд ажлын өдөр 10:00-19:00 цагт үзэх боломжтой.