Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд болжээ.
Тус семинарын гуравдахь өдөр “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” сэдвийн хүрээнд өрнөж, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл өөрсдийн судалгаа, шинжилгээний үр дүнгээс илтгэл хэлэлцүүлсэн байна.
Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн тэгш бус байдлыг бууруулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Улс орнуудад баялгийн тэгш бус хуваарилалт, орлогын тэгш биш байдал, нийгмийн тодорхой бүлгийн хүмүүст тэгш бус боломж олгох зэрэг нь нийгмийн тэгш бус байдал үүсэхэд нөлөөлдөг. Гэвч нөгөө талаар байгаль орчин, орон зайн нөлөөлөл тэгш бус байдлыг бий болгоход ихээр нөлөөлж байгааг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай болжээ. Тухайлбал, манай улсын тухайд хот, хөдөөгийн тэгш бус байдал, бүс нутгийн ялгаа нь нийгмийн тэгш бус байдлыг үүсгэх суурь шалтгааны нэг болсон. Хотод нийгэм, соёл, эдийн засгийн хэт төвлөрөл бий болсноор хөдөө орон нутаг орхигдсон төдийгүй хотод агаар, хөрсний бохирдол улам нэмэгдэж байна.
Манай улсын хувьд байгаль цаг уур, соёлын онцлогийг харгалзаж, шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр төрийн бодлогыг боловсруулах шаардлагатайг судлаачид хөндөж байлаа. Олон улсын донор байгууллагууд болон үндэсний судлаачид бүхий л салбарт судалгааны ажил хийдэг ч түүнийг бодлогын баримт бичиг боловсруулахдаа огт ашигладаггүйд тэд шүүмжлэлтэй байна. Дэлхийн дулаарал, гамшигт үзэгдэл, бэлчээрийн даац, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг нь бүгд нийгмийн тэгш бус байдлыг үүсгэх урьдач нөхцлүүд болдгийг ч хэлж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд говийн бүсийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байгаа мэт харагдаж байгаа боловч энэ нь ажлын байр болон соёлын хэрэгцээний төлөөх түр хугацааны суурьшлын хөдөлгөөн болохоос усны чанар, бэлчээрийн даац зэрэг байгаль орчны хувьд шийдэгдээгүй асуудлууд байсаар байгаа гэлээ.
Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэнгийн хэлснээр боловсролын түвшний ялгаатай байдал ялангуяа суурь боловсролын тэгш бус байдлыг бууруулах шаардлагатай. Хотын иргэдийн дунд дээд боловсролтой, орлого өндөртэй хүмүүс давамгайлж байгаагийн дээр эдийн засгийн үйл ажиллагааны бүх салбарт хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй, харьцангуй тогтвортой. Харин хөдөөгийн иргэдийн хувьд мал, малын гаралтай түүхий эдийн үнэ голлож, байгаль цаг уурын нөхцөл, өвчлөл зэрэг хүчин зүйлээс хамаарч хэлбэлздэг байна. Тиймээс орон нутагт хүний амьдрах нөхцлийг бүрдүүлэх төрийни тогтвортой бодлого шаардлагатай.
ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули, “Нийгэмд тэгш бус байдал популизмын үндэс болдог. Тэгш бус байдал нь улс хоорондын гэхээс илүүтэй тухай үндэстний асуудал болж байгаа учраас төрийн бодлого гаргах үйл явцтай шууд холбоотой. Иймд улс орнууд санхүү, эдийн засгийн салбарын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэрдундаа татвараас зайлсхийх байдлыг арилгах хэрэгтэй. Мөн өөрийн улс оронд бодитоор үүссэн тэгш бус байдлаа хүлээн зөвшөөрөх нь чухал. Ингэж байж өөрийн орны онцлогт тохирсон зөв бодлого гаргаж чадна” гэв.
Нэг хүний хариуцлагыг нийтээрээ хүлээдэг зарчим үйлчилдэг болсныг эрдэмтэд болон төрийн байгууллагын төлөөлөл санал нэгтэй хэлж байна. Үүнд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа, нөгөө талаар иргэдийн өөрсдийн үүрэг хариуцлага, хандлага нөлөөлдөг байна. Усны нөөц, хамгаалалтын бүсэд барилга барих, үерийн бүсэд суурьших, зөвшөөрөлгүй газар буух зэрэг нь өөрт болон өрөөлд эрсдэлтэй нөхцөл үүсгэдэг болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган илтгэлдээ дурдлаа.
Төрийн байгууллага бүр өөрийн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа ч орон нутгийн удирдлагуудын ажлын уялдаа сул байдаг. Байгаль орчны тэгш бус байдлыг бууруулахад эрчим хүч, уул уурхай, уур амьсгалын өөрчлөлт, ус бэлчээрийн нөөцийн асуудлуудыг цогцоор нь харж төрийн бодлогод тусгах шаардлагатайг семинарт оролцогчид хэлж байв.
“Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар мөн өдрийн үдээс хойш “Ус ба бохир усны эрүүл ахуйн байдлыг тэгш бус байдал”, “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах талаарх төрийн бодлогын үр өгөөжийг үнэлэх, дүгнэх – Дараа нь юу хийх вэ?” сэдвээр үргэлжилсэн байна.