Америкийн рок хөгжмийн “Metallica” хамтлаг өнгөрсөн амралтын өдрүүдэд Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд тоглолоо. Энэ тоглолт нь тус хамтлагийн “WorldWired Tour”-ийн хүрээнд болсон юм.
Хамтлаг Зөвлөлтийн үеийн рок дуучин Виктор Цойгийн “Группа крови” дууг дуулсан нь оросуудын сэтгэлийг хөдөлгөлөө. Тоглолтыг үзэж байсан олон үзэгч энэ хэсгийг гар утсан дээрээ бичиж, олон нийтийн сүлжээнд тавьжээ.
“Группа крови” дуу нь “Кино” хамтлагийн 1988 онд гаргасан цомогт багтсан дуу юм. Цомог нь энэ дууны нэрээр нэрлэгдэн гарч байсан. “Кино” хамтлаг энэ дуугаа анх 1987 оны зургадугаар сарын 3-нд болсон Ленинградын рок хөгжмийн V фестивалийн үеэр дуулжээ.
Виктор Цой нь “Кино” хамтлагийн гоцлол дуучин бөгөөд тухайн үед Оросын хамгийн олон шүтэн бишрэгчтэй дуучны нэг байв. Тэрбээр 1990 оны наймдугаар сарын 15-нд автомашины ослоор амь үрэгдсэн юм.