[starbox]
Францын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрхон хоногийн дараа болно. Сонгуулийн нэгдүгээр шатанд тунаж үлдсэн Марин Ле Пен, Эммануэль Макрон нар лхагва гарагийн орой телевизийн халз мэтгэлцээнд оролцож, бие биеэ хайр найргүй шүүмжилжээ.
Хэт барууны нэр дэвшигч Марин Ле Пен 39 настай төвийн үзэлт Макроныг ямар ч шинэчлэл санал болгохгүй элитээс нэр дэвшигч хэмээн тодорхойлсон байна. Үүнээс гадна тэрбээр Макроны лалын терроризмтой тэмцэх амлалтыг шүүмжилж, түүнийг Францын одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олландын нэр хүндгүй Засгийн газарт харьяалагддаг гэжээ.
Макрон ч зүгээр байсангүй, Ле Пенийг “худал ярих стратеги” ашигласан гэж буруутгасан байна. Мэтгэлцээн 160 минут үргэлжилсэн бөгөөд хоёр нэр дэвшигч зогсоо зайгүй бие бие рүүгээ дайралт хийж, эрс шүүмжилжээ.
“Айдсын удган” ба “зэрлэг даяаршлын нэр дэвшигч”
Мэтгэлцээний үеэр Марин Ле Пен өрсөлдөгчөө “зэрлэг даяаршил, тогтворгүй байдал, Uber-члэл, том бизнесээр эдийн засгийг хулгайн нэр дэвшигч” хэмээн нэрлээд түүнийг “Францыг юутай хүүтэй нь зарж, хяналтаа алдахдаа аз жаргалтай байх нэгэн” гэжээ.
Харин Макрон 48 настай Ле Пений эдийн засгийн хөтөлбөрийг шоолоод, еврогоос татгалзах төлөвлөгөө нь хоорондоо авцалдахгүй байгаад онцгой анхаарал хандуулсан байна. Тэрбээр Ле Пенийг “айдсыг сурталчилдаг дээд удган” гэж нэрлэжээ. Түүнчлэн Ле Пен бүхнийг дийлэхээс өөр юуг ч санал болгодоггүй гэжээ. Үүнээс гадна түүнийг еврейчүүдийг хавчин гадуурхагч, бусдыг үзэн ядагч аав Жан-Мари Ле Пен эцгийнхээ жинхэнэ залгамжлагч гэжээ.
Дайсагналцсан хоёр
Нэр дэвшигчид эдийн засгийн асуудалд нэлээд их анхаарал хандуулсан. Макроны хэлснээр тэрбээр сонгогдсон тохиолдолд францчуудын 80 хувийнх нь үл хөдлөх хөрөнгийн татварыг цуцалж, бизнесийн татварыг багасгаж, эдийн засгийн өсөлт гарсан тохиолдолд татварын хэмжээгээ бууруулна гэжээ.
Үүний хариуд Ле Пен түүний төлөвлөгөөг олон франц гэр бүлийг үгүйрүүлж хоосруулах болно гээд хүүхдүүдийн түгээмэл тэтгэмжийг сэргээнэ гэв. Түүний үзсэнээр Францын нийгмийн хамгааллын энэхүү систем аюулд орчихоод байгаа бөгөөд хөдөө, суурингууд үгүйрч хоосрохын ирмэгт ирээд байна гэж мэдэгджээ.
Ле Пен даяаршил, нээлттэй хил заагийн үр нөлөөгөөр бий болсон ажилгүйдэлтэй тэмцэхээ амлаад тухайн хүн 40 жил хөдөлмөр эрхэлсэн бол 60 настайдаа тэтгэвэрт гарахыг зөвшөөрнө гэв.
Хэдэн сая франц хүний үзсэн телевизийн халз мэтгэлцээний үер нэр дэвшигчид бие бие рүүгээ дайсагналцсан байдалтай байсан ч илт харагдаж байлаа. “BFMTV” сувгаас явуулсан санал асуулгаар үзэгчдийн олонх нь буюу 63 хувь нь Макроныг илүү итгэл үнэмшилтэй байж чадсан гэж үзжээ.
Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат энэ ням гарагт болно.
Хоёр нэр дэвшигчийн санал зөрөлдөж буй асуудлууд
ОХУ:
Макрон: Оростой ойртож дотносохыг эсэргүүцэж, Минскийн гэрээний нөхцөлийг биелүүлэх хүртэл хориг арга хэмжээг хэвээр байлгахыг дэмжиж байгаа юм. Оросын гадаад бодлогыг аюултай, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байна гэж үзэж буй. Макроны тэргүүлдэг “Урагшаа” улс төрийн хөдөлгөөнд гарсан кибер халдлагыг Оросын хакерууд үйлдсэн гэж үздэг.
Ле Пен: Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан бөгөөд Орос Крымыг 2014 онд нэгтгэсэн үйл явцаас хууль бус зүйлийг огт олж хардаггүй. “Исламын улс” жихадуудын бүлэглэлтэй тэмцэхэд Оростой стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсдэг. Францын хэвлэлүүд “Үндэсний фронт” намыг Оросоос болон Оросын санхүүчидтэй холбоотой банкуудаас их хэмжээний мөнгө зээлсэн тухай баримтуудыг гаргаж тавьсан. Ле Пен энэхүү зээлийг намынхаа Орост хандах хандлага, байр суурьт ямар нэгэн хэмжээгээр нөлөөлнө гэдгийг эсэргүүцдэг. Францын банкууд намд нь зээл өгөхөөс татгалзсан болохоор гадаадын банкны зээл авсан гэж мэдэгджээ.
Сири:
Макрон: Ерөнхийлөгч Башар Асад цэргийн гэмт хэрэг хийснийхээ төлөө олон улсын шүүхэд очих ёстой гэж үздэг.
Ле Пен: “Үндэсний фронт”-ын төлөөлөгчийн үзсэнээр 2017 оны дөрөвдүгээр сард Сирид хэн химийн зэвсэг хэрэглэсэн нь тодорхойгүй гэнэ. Харин Ерөнхийлөгч Асад юу ч болсон Исламын улсын жихадуудтай тэмцэхэд цорын ганц түшиг тулгуур хэвээр байгаа гэжээ.
Европын холбоо:
Макрон: Европын холбооны цаашдын хөгжлийн төлөө хувийн төсвийн евро бүсийг боловсруулж, өөрсдийн Сангийн сайдаа томилохын төлөө тэмцдэг. Европын холбооны төвөөс зугтсан хөдөлгөөнийг тэргүүлж, Европын хөдөлгөөнд шинэ түлхэц өгөхийг хүсдэг. Европын холбоо дахин шинэчлэгдэн байгуулагдах ёстой, ингэхгүй бол фрексит (“брексит”-тэй адил) хүлээж байгаа гэж үздэг.
Ле Пен: Франц улс евро бүсээс гарах ёстой гэж үздэг. МөнЕвропын холбооноос улсаа гаргах тухай бүх нийтийн санал хураалт явуулахаар төлөвлөж буй. Еврог “амьгүй валют” хэмээн нэрлэдэг бөгөөд буцаад франкдаа шилжиж, нэгдсэн валютыг олон улсын худалдаандаа л хэрэглэхийг санал болгодог.
Африкт үзүүлэх тусламж:
Макрон: Олон улсын тусламжид төсвийн зардлаа нэмэхийг эрмэлздэг. Африк дахь Францын цэргийн баазуудын нөхцөл байдлыг дахин харж үзэхийг амладаг байна. Африкийн орнуудад илүү биеэ даасан батлан хамгаалах бодлого явуулах оролдлогод нь туслахад бэлэн.
Ле Пен: Олон улсын тусламжийн зардлаа нэмэгдүүлэхийг мөн хүсдэг. Гэхдээ огт өөр шалтгаанаар буюу цагаачлалын давалгаа, алан хядах ажиллагаатай тэмцэх зорилгоор тусламжаа нэмэх хүсэлтэй.
НАТО ба батлан хамгаалах салбар:
Макрон: 2025 он гэхэд цэргийн зардлаа ДНБ-ий хоёр хувьд хүргэхэд бэлэн. НАТО бол Францын батлан хамгаалах үндсэн бодлого гэж үздэг. Ингэхдээ цэргийн асуудалд Евро интеграцийг хүчирхэгжүүлэхийг дэмждэг.
Ле Пен: НАТО-г оршин тогтнож байгаа цорын ганц зөвтгөх зүйл нь аль хэдийнэ үгүй болсон Зөвлөлтийн аюул заналхийлэл байсан гэж үздэг. Тиймээс Францыг НАТО-гоос гаргахад бэлэн байдаг. Цэргийн зардлаа 2018 он гэхэд ДНБ-ий хоёр хүртэл хувьд хүргэж нэмэх, төрийн тэргүүнээр ажиллаад тав дахь жилдээ гурван хувьд хүргэхийг амлажээ.