Мэдээлэл, технологийн үндэсний паркын ажилтнууд өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайдад болон ЗГХЭГ-ын даргад хандаж, шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагад МТҮП нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт /ТӨБЗГ/ шилжсэнээс хойш салбарын бодлогын уялдаа холбоо бүхэлдээ алдагдаж, удирдлага нь богино хугацаанд олон дахин солигдох тоолонд бодлогын залгамж чанар алдагдаж, боловсон хүчин солигдож, өөрчлөгдөн инстутийнхээ хувьд ноцтой хохирол амсаж буй талаар дурдсан байгаа юм. Тиймээс тус байгууллагын статус, дүрмийг шинэчлэх, харьяаллыг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт шилжүүлж, боловсон хүчнийг томилгоог тэндээс хийдэг байх зэрэг асуудлыг дэвшүүлжээ.
Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас дээрх саналыг нь судлахгүйгээр, газрын хурлаар хэлэлцэхгүй яаран түргэн шийдвэр гаргаж байгааг эсэргүүцсэн ажилтнуудын 48 цагийн сануулах ажил хаялтыг өнөөдөр эхлүүлсэн байна. Цаашид хугацаагүй ажил хаялтад шилжих, суулт хийх зэрэг тэмцлийн зам руу орно гэдгээ ажилтнууд нь илэрхийлж байна.