Монголын суу билэгт хөгжмийн зохиолч Б.Шарав агсныг өнөөдөр /2019.07.22/ өглөө 04.30-05.30 цагийн хооронд эцсийн замд нь үдлээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр гэр бүл, төрөл төрөгсөд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ирсэн байлаа. Талийгаачийг төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нутаглуулах ажээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав 2019 оны долдугаар сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын ард түмэн, хөгжмийн урлагт нөхөж баршгүй гарз тохиосон билээ.
Б.Шарав 1985 онд “Замбуу тивийн наран” магтуугаар”Азийн хөгжмийн VII индэр” симпозиумын шилдэг бүтээлийн шагнал, 1988 онд II симфониор ЗХУ-ын Ленинград хотноо болсон Энх тайвны төлөө хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн шагнал, 1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал тус тус хүртжээ.
Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан түүний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж “Сэрсэн тал”, “II симфони” бүтээлүүдэд нь 1992 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 2006 онд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис Хаан одон, 2019 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртээсэн байна.
Б.Шарав агсны авьяас билиг, хөдөлмөрч чанар, дахин давтагдашгүй гайхамшигт бүтээлүүд, эелдэг даруу, нөхөрсөг, шударга, зарчимч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.