С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, тарчлаан зовоосон гэх хэрэгт буруутгагдаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг энэ сарын 23-нд шүүж, гэм буруутай эсэхийг тогтоох тов гарлаа.
Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарын есөн хүний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-нд болж, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудыг шалгах, хуралд зайлшгүй оролцох шаардлагатай гэрч нарыг тогтоох зэрэг ажиллагаанууд бүрэн хийгдэж дууссан гэж үзсэн тул товыг ийнхүү тогтоосон юм. Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтаар зүйлчлээд байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалттай ажээ.