Eguur.mn
Б.БОЛОРОО: БИ МАШ ТОМ КОМПАНИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХ ГЭЖ БАЙНА
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, нийгмийн салбарт амжилттай ажиллаж буй Б.Болороогийн нөхөр компанийнхаа ажлаар яваад, харамсалтайгаар осолдож нас барсан талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад буй.
Энэ талаар Б.Болороо “”Зургадугаар сарын 20-ны өглөө над руу нөхрийн ажлаас залгаад “Нөхөр чинь шөнө нэг цаг өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа. Оршин суугчид харсан байна. Станц хамаг түлхүүр аваад явчихлаа” гэж залгасан.
…Мөн 22-ны өдөр нагац ахыгаа ажил руу нь явуулж юу юугаа авч явсан байна, хэнтэй аль зүг рүү гарсан байна хараад өг гэж явуулсан. Гэтэл ажлынх нь хүн “Танай дүү чинь хамаг юм аваад камер унтраагаад явсан” гэж хэлээд камер үзүүлээгүй.
… Намайг долдугаар сарын 8-ны өдөр СХД-ийн цагдаагаас дуудаад, ханийг минь АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ 19-20-нд ШИЛЖИХ ШӨНӨ ЛИФТ ГАЦААД ДОТОР НЬ БАЙСАН ХҮНИЙГ ГАРГААД ХӨЛ АЛДАЖ ДООШОО УНАЖ НАС БАРСАН гэдгийг хэллээ.
МИНИЙ НӨХРИЙГ ГАРААД ЯВСАН, ТҮЛХҮҮР СТАНЦАА АВЪЯ гэж хэлээд байсан ажлынхан нь ОРШИН СУУГЧДААС ЛИФТНЭЭС ӨМХИЙ ҮНЭРТЭЭД БАЙНА гэсэн гомдлын дагуу очиж үзэж байж мэдсэн байна” гэж мэдээлсэн нь анхаарал татаад байгаа юм.
Улмаар 2019.07.15-ны өдөр Б.Болороо өөрийн нүүр хуудсандаа “Би хэн билээ ямар ч эрх мэдэл, хөрөнгө мөнгөгүй нэгэн. Маш том компанийн эсрэг тэмцэх гэж байгаа болохоор юу юуны духанд хүрэлгүй хэвлэлээр сенсаци дэгдээмээргүй байгааг ойлгоно уу.
Тэр компаний хувьд миний хань юу ч биш байсан юм шиг байна. Ажил явдлын үеэр удирдах түвшний хүн нэг ч ирээгүй. Нэг хүн ямар тусламж хэрэгтэй байна гэж залгасан. Маргааш нь харуул хамгаалалтынхаа хоёр ээлжийн ахлагч, хуулийн хэлтсийн ажилтнаараа 6 дугаар сарынх нь цалин гээд 830 мянган төгрөг авчирч өгсөн.
Миний хань 2019 оны 01 сарын 17-ноос 06 сарын 19 нас барсан өдөр) хүртэл 6 сар ажилласан. Миний хань хоёр хуруутай ч 20 хуруутай юм шиг л гарын дүйтэй, ажилч хичээнгүй хүн байсан юм шүү” гэж бичсэн юм.
-830 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИН НӨХӨН ОЛГООД, ДАЛДУУР ОХИН КОМПАНИ РУУГАА ЧИХЭЖ, НУУЖ ӨНГӨРӨӨХӨӨР ЗЭХЭЖ БАЙГАА ЮУ-
Талийгч А нь нас барснаасаа хойш 16 хоногийн дараа өмхийрсөн байдалтай олдсон.
Оршин суугчид энэ талаар “Орц тэр чигтээ их өмхий үнэртэж байсан тул бид харуулын ажилтнуудад муур үхсэн байх үзсэн дээр биш үү гэж удаа дараа хэлж байсан. Мөн харуулын ажилтнуудаас цахилгаан шат яагаад ажиллахгүй байгааг лавлахад нэг хариуцлагагүй ажилтан бүх түлхүүр аваад ажлаа хаяад явсан гэж хэлж байсан” гэсэн мэдээлэл өгөв.
Уг орон сууц нь “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн ажилчдын байр бөгөөд тэдний охин компани гэгддэг “Хишиг –Арвин” хамгаалалтын алба тэнд ажилладаг байсан аж.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, ослын мэдээллийг “Хишиг Арвин Индустриал” ХХК ихээхэн нууцалж, хэрэг бишидвэл охин компани руугаа чихэхээр ярилцаж байгаа гэх. Улмаар Б.Болороог гомдолгүй гэж хэлүүлэх асуудлаар олон хүнээр яриулж байгаа гэх мэдээлэлү бидэнд ирэв.
Уншигчдын мэдэхчлэн, “Хишиг Арвин Индустриал” ХХК нь Эрдэнэс Таван Толгойн Баруун, Зүүн цанхи, Саусгоби Сэндсийн Овоот толгой, Оюутолгойн далд уурхай зэрэг томоохон уул уурхайн төслүүдэд гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн томоохон компани билээ.
Тус компанийн дэд захирлаар өнөөгийн НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат ажиллаж байсан түүхтэй. Компанийн зүгээс улс төрд “сойх” гол хүнээ гэж тооцон, бизнесийн ажлаас нь бүрэн чөлөөлөөд байгаа юм.
Улс төрийн хүрээнд ихээхэн нэр нөлөөтэй, томоохон бүтээн байгуулалт, тендер сэлтэд тасралтгүй оролцдог тус компани талийгч Б.Болороогийн нөхрийн үхэлд далдуур ихээхэн санаа зовж байгаа аж. Тиймээс ч компанийн удирдлагууд “Охин компани руугаа чихээд өнгөрөх боломж хай. Мэдээлэл өгвөл хариуцлага тооцно” гэх чиглэлийг ажилтнууддаа өгсөн гэх мэдээллийг эх сурвалж өгөв.
Гэвч Б.Болороогийн бичсэнчлэн, оршуулах ёслолд компанийн удирдах шатны хүмүүс ирээгүй. Улмаар 830 мянган төгрөгийн цалинг олгоод өнгөрсөн нь үнэн бол “Хишиг Арвин Индустриал” ХХК-иас хариуцлага нэхэх нь зөв билээ.
“Хишиг арвин” хамгаалалтын албанаас лавлах гэсэн боловч “Энэ хэрэг манайд огт хамаагүй. Цагдаагийн байгууллагаас асуугаарай гээд утсаа тасласан юм. Одоогийн байдлаар дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж байгаа юм.