Заан цаг
Үзэсгэлэнгийн танхимын голд тавигдсан XIII зууны эхэн үеийн гурван метр өндөр цаг олны харцыг хамгийн их булаалаа. Аль-Жазари хэмээх эрхмийн бүтээсэн эл хосгүй эд олон үндэстэн, зүг зүгийн соёлын ур хийцийг хослуулснаараа онцгой. Энэтхэг заан, хятад луу, усны грек төхөөрөмж, египет галт шувуу, уламжлалт араб хийцийн модон хүрээтэй аварга том цагийг зааны нуруун дээр байрлуулсан бөгөөд цаг нь мод, шавраар хийсэн аварга том зааны бие доторх усны жижиг хүрдээр ажилладаг.
Нууц “камер”
X зууны үеийн Ибн аль-Хайтам хэмээх араб зохион бүтээгчийг өдгөөгийн судлаач, эрдэмтэд Дундад зууны үеийн хамгийн агуу шинжлэх ухаанч байсан гэж үздэг. Түүний үлэмж баян бүтээл туурвилаас хамгийн гайхамшигтай нь хүний хараа хэрхэн “ажилладаг”-ийг тайлбарласан түүхэн дэх анхны шинжлэх ухаанч тайлбар нь юм. Тэрээр хятад түмний нүхэн дуран гэгч нээлтийг ашиглаж гэрэл хэрхэн аялж, дүрсийг нүдний торлог бүрхэвчид яаж тусгадгийг тайлсан байна.
Аль-Идрисийн дэлхийн газрын зураг
Андалусийн зурагзүйч Аль-Идрисийн (1100-1166) гурван метр өргөн газрын зургийг Сицилд XII зууны сүүлээр дахин хэвлүүлсэн хувилбар нь Дундад зууны үеийн хамгийн сайн нарийвчлалтай, хамгийн өргөн газар нутгийг хамарсан дэлхийн газрын зураг байжээ. Олон зууны турш худалдаачин, аялагчдын гол хөтөч байсан Аль-Идрисийн газрын зурагт загалмайтны шашинтнууд аж төрдөг хамгийн хойд зах, исламын ертөнц, Африк, Алс Дорнодын ихэнх нутгийг багтаасан байна.
Бану Мусагийн ах дүүсийн “Мэргэн төхөөрөмжүүд”
Бану Муса гэх овогтой ах дүү гурав IX зууны үеийн Багдадын хамгийн хүндтэй математикчид байв. Тэдний энэ тооллын 850 онд хэвлүүлсэн “Мэргэн төхөөрөмжийн шаштир”-т эвлүүлдэг болон оньсон тоглоом, өөрөө хөдлөгч төхөөрөмжүүдийн загвар, мөн илбийн нууцуудыг дэлгэжээ. Мөнхүү номыг зарим түүхч зохион бүтээгчдэд зориулсан, дэлхийн түүхэн дэх анхны гарын авлага гэдэг.
Аль-Захравийн мэс заслын багажууд
Өнөөгийн Испани улсын Кордоба хотын нутагт X зууны үед амьдарч асан мэс засалч Аль-Захравийн бүтээсэн мэс заслын багажууд болон мэс заслын ухаанд нэвтрүүлсэн шинэлэг аргачлалууд нь цагтаа Европ даяар нөлөөтэй байсан бөгөөд зарим багаж нь өнөө ч анагаах ухаанд хэрэглэгдсээр байна. Аль-Захравийн бүтээсэн багажуудаас ихэд түгсэн цөөн хэдийг нэрлэвэл тариур, хямсаа, мэс заслын зүү, дэгээ, ясны хөрөө зэргийг дурдаж болно.
Ибн Фирнасын шүхэр
IX зууны үеийн суут зохион бүтээгч Абба Ибн Фирнасыг исламын ертөнцийн Да Винчи гэдэг. Түүний нэр Арабын орнуудын шуудангийн марканд дүрслэгдсэн бол саран дээр түүний нэртэй галт уулын тогоо хүртэл бий. Ибн Фирнас хамгийн алдартай туршилтаа 65 настайдаа хийжээ. Тэр нь удирдлагатай нисдэг төхөөрөмж буюу шүхэр хөөргөх байв. Тэрээр нуруундаа хиймэл далавч бэхлэн уулын уруу хэсэг гүйж байгаад хөөрөх гэж оролджээ. Түүхэнд тэмдэглэснээр туршилт амжилттай болж, тэрээр хэсэг хугацаанд агаарт тогтсон ч газардахдаа нуруугаа гэмтээсэн байна.
Г.Лхагвадулам
1 comment
Ок