Манай орны 17 аймаг, 130 сум тарваган тахлын байгалийн голомттой. Энэ нь манай нийт газар нутгийн 28.5 хувийг эзэлж байгаа юм. Тарваган тахал өвчний нууц хугацаа 2-3 хоног бөгөөд өвчин урьтал үегүйгээр цочмог эхэлдэг. Илрэх шинжийн тухайд, дагжин чичрэх ба богино хугацаанд 39-40 хэм хүртэл халуурна, толгой өвдөх, дотор эвгүйрэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг хордлогын шинжүүд илэрдэг байна.
1998-2018 онд тарваган тахлын хүний өвчлөлийн 71 тохиолдол бүртгэгдсэнээс 33.8 хувь нь нас баржээ. Нийт өвчилсөн хүний 70 хувь нь эрэгтэйчүүд, дундаж насны хувьд 23.6 буюу ихэвлчэн идэр насныхан өвчилсөн гэх судалгаа байна.
Тарваган тахлын эсрэг вакцинжуулалт Эрүүл мэндийн сайдын тушаалаар долдугаар сарын гурав дахь долоо хоногоос 10 хоног үргэлжилдэг байсан бол энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын дагуу долдугаар сарын 1-нээс эхэлсэн 10 хоногийн дархлаажуулалтыг дахин 10 хоног сунгажээ.
Иймд ялангуяа тарваган тахлын голомтот нутгаар зорчдог, тухайн нутагт ажиллаж, амьдарч байгаа хүмүүс дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай гэдгийг ЗӨСҮТ-өөс сануулж байна. Тарваган тахлын дархлаажуулалт нэг удаа хийгдэж, 12 сарын хугацаанд дархлаа тогтдог аж. Зургаан сараас дээш 60 нас хүртэлх бүх хүн вакцинд хамрагдах боломжтой. Гэхдээ дархлаажуулалтад хамрагдахаас өмнө заавал эмчийн хяналтанд орно. Учир нь тарваган тахлын дархлаажуулалтын эсрэг заалттай хүнд вакцин хийдэггүй байна.
Ямар нэгэн байдлаар тарваганы эд эрхтэн хэрэглэсний дараах 2-3 хоногт дээр дурдсан эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгуулагад очилгүйгээр өөрийгөө тусгаарлаад, эмнэлэг дуудах хэрэгтэй. Ингэхдээ шалтгаан, нөхцөл байдлаа тодорхой хэлэх шаардлагатай гэдгийг ЗӨСҮТ-ийн тархвар судлаач Л.Роломжав зөвлөлөө.