УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж буй. Өчигдрөөс эхлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байв. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс өчигдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан билээ.
Уг саналыг одоо МАН-ын бүлгээр авч хэлэлцэж байгаа бөгөөд зарим гишүүдийн хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгчийн саналд эргэзээтэй зүйлс олон байгааг тодотгоод “Туршилтын шүүгч гэж дурдсан нь ойлгомжгүй байна. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгон нэмэгдүүлэх нь олон түмний дунд талцал үүсгэлээ. Олонх нь эсэргүүцэж байна. Ерөнхий сайд давхар дээлтэй, бусад нь дан дээлтэй байна гэж санал гаргасан нь талцуулсан асуудал. Шалдан Ерөнхий сайд, тогтворгүй Засгийн газар ямар байдгийг бид мэднэ шүү дээ” гэсэн тайлбарыг хэвлэлийхэнд өгөв.