Япон улсын Хоккайдо мужийн Асахигава хотоос бэлтгэсэн “Би Монгол хүн” нэвтрүүлэгт фермер Агваандоржийн Аварзэд оролцжээ. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул тэрээр тус мужид Панчёода үхрийн фермерийн аж ахуйн захирлаар ажиллаж байгаа юм байна.
А.Аварзэд нь эх орондоо малын эмчээр ажиллаж байгаад ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнд ажиллах болж, улмаар 1990 онд алс холын арлын улсад суралцахаар зорьжээ. Тус улсын их сургуульд докторын зэрэг хамгаалсныхаа дараа танилынхаа зөвлөснөөр ХАА-н салбарт нь ажиллаж эхэлсэн байна.
Түүний эрхэлж буй Панчёода ферм 70-аад жилийн түүхтэй бөгөөд одоо японы хар үхрийн буюу махны чиглэлээр болон сүүний чиглэлээр хөгжүүлж байгаа аж. Хар үхрийн ферм нь нийт 4200-гаад үхэртэй бол сүүний чиглэлийн ферм нь 350 үхэртэй гэнэ. Хэдийгээр гадаад улс орнуудад тугалны мах эрэлттэй байдаг ч А.Аварзэд захирал Монгол хүний хувьд ийм төрлийн бизнесээс татгалздаг гэдгээ хэлжээ. Тэр ч утгаараа, мөн ажилчдын арга техникийн хувьд Панчёода ферм нь үржлийн нэлээд сайн фермүүдийн тоонд багтдаг юм байна. Тус фермд үр хөврөл хийж, зохиомол хээлтүүлгээр мэргэшсэн удирдлагатай чадварлаг баг хамт олон ажиллаж байна. Тэрээр энэ тухай ярихдаа “Фермдээ удаан ажиллуулах боловсон хүчнийг яаж тогтоох вэ гэдэг чинь эдийн засагт их нөлөөтэй. Манай ферм залуу ажилчдыг ажиллуулдаг. Гурав дөрвөн жилийн хугацаанд зохиомол хээлтүүлэг, үр хөврөл шилжүүлэн суулгах мэргэжлийг эзэмшүүлж байна. МАА-н өндөр технологийг явуулахаас гадна өөр хүмүүс хийдэггүй янз бүрийн оношлогооны аргыг хийдэг. Ойрын үед оношлогооны аргаас бусдад зааж сургая гэж бодож байгаа” гэжээ.
Тэрээр фермээ танилцуулахын зэрэгцээ фермийн нарийн үйл ажиллагаа, онцлогоос эхлээд олон сонирхолтой зүйлийг танилцуулсан байна.