УИХ-ыг гишүүн Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг шинэчлээд 10-аад хонож байна. Үүнд тусгаснаар хоёр төслийг зэрэг хэлэлцэхгүй, нэг төсөл хэлэлцэнэ гэж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл нь УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй зарим хэсэг нь давхцаж байгаа аж. Найруулгын хувьд авч болохоор заалтууд болон хүлээж авах боломжгүй ямар хэсэг, заалтууд байгаа вэ гэдгийг ажлын хэсгийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүдийн тоог болон гишүүний бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, Ерөнхий сайд нь заавал УИХ-ын гишүүн байх зэрэг заалтын талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай асуудлаар бид хоёр ч хэлэлцүүлгээр хэлэлцсэн. Бараг 90 гаруй хувь нь дэмжихгүй байгаа. Иргэд, сонгогчидтой уулзсан уулзалт дээр ч гэсэн ихэд эсэргүүцэж байсан. Манай улсын хувьд орон нутгийн мандатын зарчим дээрээ суурилсан хөгжлийн бодлого, төлөвлөлт явагддаг, төсөв хуваарилагддаг учраас тогтолцоог өөрчлөхийн эсрэг байр суурьтай байгаа. Манайх шууд, нууц санал хураалтаар ард түмнээсээ сонгогдоно гэсэн томъёоллыг Цэц 2016 онд шууд можаритороор явагдах ёстой гэсэн агуулгатай дүгнэлт гаргаад Үндсэн хуулийн хэрэглээ болоод явчихаж байгаа юм. Бид хуучин тогтолцоогоор явж болно. Эсвэл хуулиараа тухайн үедээ шийдээд явах боломжийг нээлттэй орхино.
МАН 2020 оны сонгуулийг өөрсдөдөө ашигтай тогтолцоогоор явуулах гэж байна гэж манайхан хардаад байгаа юм. Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын хууль бидэнд тийм боломж өгөхгүй шүү дээ. Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын хуулиар бол 2020 оны долдугаар сарын 1-нээс хойш дараагийн сонгуулийн тогтолцооны асуудал яригдана. Тэгэхээр хоёр удаагийн хэлэлцүүлгээр гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй, тогтолцоо нь хэвээрээ байх ёстой гэж үзлээ. Манай улсын мандатын төлөөллийн зарчим одоогийн тогтолцоон дээр тийм сөрөг гажсан зүйл байхгүй” гэв.
Ерөнхийлөгчийн төслийг нэгтгэх нь хуульд нийцэх эсэх талаар “Өглөө ажлын дэд хэсгүүд хуралдсан. Тухайлбал, бидний хөндөж чадаагүй, гарцаагүй оруулж ирэх ёстой байсан шүүхийн тойргийн системийг Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд тусгагдсан байна. Мөн ШЕЗ болон шүүгчийн томилгооны системийг өнөөгийнх нь түвшинд хадгална гэснийг ажлын хэсэг хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ төслүүдэд авах, гээхийн ухаанаар хандана. Үндсэн хууль гэдэг бол нийт ард түмний гэрээ хэлцэл байх ёстой учраас улс төрийн намуудын, Ерөнхийлөгчийн институцийн, бусад эрдэмтэн, судлаачдын байр сууриудыг нэгтгээд, эргээд орон нутагт очиж санал авч, дахин өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой. Тэндээс гарсан саналаа хэлэлцээд хоёрдугаар хэлэлцүүлэг рүү орох ёстой. Дараа нь дахиж олон түмэнтэй уулзалт хийж, ер нь ултай суурьтай зүйл хийе гэж ажлын хэсэг дээр яригдаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан 35 хувь дотроо багтаж байгаа, дээр нь Үндсэн хуулийн суурь зарчим өөрчлөгдөхөөргүй бол Дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн заалтуудаас саналын түвшинд авч үзээд төсөлдөө нэгтгээд явахад Үндсэн хуулийн зөрчил болохгүй байх” гэсэн тайлбарыг өглөө.
Сануулахад, Үндсэн хуулийн өөрчлөлт 35 хувьд багтаж байж нэмэлт, өөрчлөлт болно. Учир нь Үндсэн хуульд 35-аас дээш хувиар өөрчлөлт оруулах болон суурь зарчмын шинжтэй өөрчлөлт оруулах бол шинэчлэн найруулсан шинэ Үндсэн хууль гэж үзэх юм.