Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны тэргүүн, Цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэнтэй ярилцлаа.
Цагдаагийн алба хаагчид 2019 онд удирдлагуудтайгаа “Итгэлцэлийн гэрээ”-г хийж эхэлсэн. Та бол “Итгэлцэлийн гэрээ” –ний автор. Энэ талаар тодруулахгүй юу?
ЦЕГ-аас “Итгэлцэлийн гэрээ” гэж гаргасан. Энэ нь цагдаагийн алба хаагчид ёс зүйгээ сахиж хамгаалах асуудлаар гэрээтэй ажиллана гэсэн санаа л даа. Удирдлагуудтайгаа гэрээ хийнэ. Гэрээний гол агуулга нь цагдаагийн ёс зүйг дагаж биелүүлэх тухай л асуудал. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч ёс зүйгээ зөрчвөл би ийм зэмлэл, хариуцлага хүлээх болно гэж үүрэг хүлээж, итгэлцүүр тогтоож буй санаа. “Итгэлцэлийн гэрээ”-нд нэг талаас алба хаагч, нөгөө талаас удирдлагын хүлээх үүрэг гэж бий. Тухайн удирдлага алба хаагчийг үүргээ сайн биелүүлсэн тохиолдолд шагнах, алба тушаал ахиулах, сургах, сургуульд явуулах, урамшуулах гэх мэт үүрэг хүлээх жишээтэй . Цаашид энэ гэрээ улам сайжрах байх гэж найдаж байна.
Ёс зүй, ёс суртахуун гэдэг бол тухайн ард түмэн өөрсдөө хүсэж хийдэг зүйл. Хэний ч шахалт, шаардлагагүйгээр хийдэг зүйл. Цагдаагийн албаны ёс зүйн хувьд алба дагасан, хууль сахиулах ажилтай нөхцөлдсөн учраас заавал биелэгдэх шинжтэй. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч заавал ёс зүйгээ сахих шаардлагатай. Сайн цагдаа байх гол тулах цэг нь ёс зүйгээ сахиж биелүүлэх. Энэ утгаараа “Итгэлцэлийн гэрээ” нь ёс зүйгээ биелүүлж ажиллах явдлыг эрчимжүүлэх үүрэгтэй юм.
Цагдаагийн алба хаагчид ачаалал өндөр учраас шантрах шинж ажиглагддаг уу?
Сахилга, ёс зүйн асуудал нь ачаалалтай огтхон ч холбоо байхгүй. Зохицож ажиллах л үүрэгтэй. Цагдаагийн алба хаагч өдөр бүр тохиолдож байдаг сөрөг зүйлд биеэ зөв авч явах ёстой. Бусадтай харьцах чадвар эзэмшсэн байвал сайн. Болж байгаа үйл явдлыг дагаад уурлах, бухимдах, түүнээсээ болоод бусдын эрх чөлөөнд халдах, хэрэлдэх зэргийг тэвчих учиртай. Тэр битгий хэл гэмт хэргийг харгис хэрцгийгээр үйлдсэн үйлдэл, хохирогчийн зовлон шаналалыг хараад бухимдах явдал байдаг ч түүнийгээ гаднаа илэрхийлэх хэрэггүй л байдаг.
Нөгөөтэйгүүр цагдаагийн ажил үйлчилгээг Мэргэжлийн өндөр түвшинд явуулах учиртай. Стандартын дагуу тогтсон үг хэллэг, харилцаандаа хэрэглэж байхад гэмгүй. Цагдаа хүн шудрагаар ажиллаж, амьдрахаас өөр гарц байхгүй . Сөрөг нөлөөнөөс өөрийгөө болон албаа хамгаалж, авилга, танил талын гуйлт зэрэг ашиг сонирхолын зөрчлөөс хол байж хуулиа барьж ажиллах үүрэгтэн бол цагдаа. Бусдын нөлөөнд орохгүй байх нь ёс зүй, төлөвшил, албаны нэр төртэй холбоотой асуудал. Цагдаагийн нэр төрийг, жирийн цагдаагаас авахуулаад удирдлагаа хүртэл хамгаалж явах үүрэгтэй. Энэ жаягийг өмнө нь ч өргөж л байсан, одоо ч л өргөж л байгаа. Нэг алба хаагч янз бүрийн сөрөг зүйлд нэр холбогдлоо гэхэд албаны, нийт алба хаагчдын нэр хамт явж байдаг. Цагдаагийн дүрэмт хувцас гэдэг бол хэн дуртай нь, хэн чадваргүй, ёс зүйгүй нь өмсдөг эд биш л дээ.
Цагдаагийн алба хаагч ёс зүйгээ сахиж биелүүлснээр цалингаа бүтэн авна, нэмүүлнэ, сургуульд явж болно, албан тушаал дэвшиж болно зэрэг олон талын баталгаа бий болдог. Эрүүл, саруул нийгэмд хуулиар зохицуулж байсан зүйлийг ёс суртахуунаар биелүүлдэг болчихвол жинхэнэ эрүүл байгаагийн шинж. Харамсалтай нь өнөөдөр Монголын нийгэмд ёс суртахуунаар зохицуулж байсан зүйлийг арга буюу хуулиар зохицуулж байна. Үүний жишээ нь гэр бүлийн хүчирхийллийг ёс суртахуунаар зохицуулдаг байсан. Одоо хуулиар зохицуулдаг болсон.
Иргэд, олон нийт цагдаагийн алба хаагчийг ямар нэг сөрөг үйлд орооцолдоход их эмзэглэж хүлээж авдаг юм шиг харагддаг. Энэ тал дээр таны бодол?
Ард түмний зөв л дөө. Цагдаа бол дутагдал гаргаж болохгүй, хууль сахиулагч, үлгэр жишээ хүн гэсэн ойлголт нийгэмд байна л даа. Тэгэж ойлгох ч ёстой. Харин цагдаа хаанаас бий болдог вэ гэхээр иргэдээс л бий болдог. Дүрэмт хувцастай, үүрэг хүлээсэн иргэн гэсэн үг. Заримдаа хүндрүүлж авч үзэх тохиолдол байна л даа. Тиймээс л цагдаагийн ёс зүй, төлөвшил, хүмүүжил, соён гэгээрэх ажлыг өндөрт авч үзэхгүй бол болохгүй. Иргэд соёолтой, ёс зүйгээ сахидаг цагдаагаар үйлчлүүлэхийг хүсч байна. Цаг нь ч болсон.
Цагдаа тэтгэвэрт гараад хөрвөдөггүй мэргэжил үү?
Хөрөвдөг мэрэгжил, аль ч салбарт ажиллах боломжтой. Цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 5000-аад ахмад байна. Үүний 60-аад хувь нь насанд хүрээгүй ахмад байна. Өөрөөр хэлбэл 55, 60 нас хүрээгүй ахмадууд байна. Зарим тохиолдолд идэр залуу тэтгэвэрт гарч байгаа хүмүүс ч байна. Сүүлийн жилүүдэд ЦЕГ-аас хямд төсөр нэлээн хэдэн байрыг ашиглалтанд оруулсан. Ахмадууд ч нэлээдгүй хамрагдсан. Гэвч ахмадуудын төлбөрийн чадвар тааруу учраас тэр болгон хамрагдаж чадахгүй байна.
Цагдаагийн алба хаагчийн эрх ашгийг хуулиар бүрэн хамгаалж чадаж байгаа юу?
Цагдаагийн алба хаагчийн эрх ашгийг хуулиар хамгаалдаг. Мөн цагдаагийн дарга нар алба хаагчийнхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалагч байх үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын удирдлагууд алба хаагчидтайгаа их сайн ажиллах ёстой. Хийж буй ажлыг нь дүгнэх, хянах, халамжлах гээд. Удирдлагын түвшинд өөрсдөө үлгэр жишээ байж, алба хаагчиддаа итгэл үнэмшил өгөх, цагдаагийн албанд дэвшил авчирдаг байвал зүгээр. Удирдлага нь тогтвортой баймаар байна. Сүүлийн жилүүдэд их сольж байна. Ингээд байвал тогтвортой менежмент хэрэгжиж амжихгүй. Цагдаагийн эрх ашгийг хууль, удирдлага хоёр л хамгаална. Өөр хэн хамгаалах юм. Алба хаагчийг жоохон л алдаа гаргахад энэ хэвлэл мэдээллээр босохын эцэсгүй болтол баалж байна. Энэ бүхнээс цагдаагийн дарга нар л дүгнэлт хийж, алба хаагчтай холбоотой хэрэг учралыг нарийн шалгаад сайнтай, муутай нь цацах хэрэгтэй. Буруудах зүйл байхгүй. Гол нь шалгаж гарцаагүй тогтоох ёстой.
Цагдаагийн баярыг яаж тэмдэглэдэг байсан бэ?
1965 оноос л би мэднэ. Цэнгэлдэх хүрээлэнд наадам шиг хийдэг байсан. Төр засгийн удирдлагууд очдог иргэдийн зүгээс их хүндэтгэлтэй ханддаг байсан одоо бол жаахан хүч нь суларсан бололтой байдаг .