Олон нийтийн сүлжээнд “Төрөөс хулгайлсан мөнгөөрөө төрийг худалдан авах болов. Ядарсан улс орныг минь яасан ч их дээрэлхдэг юм бэ?!” гэсэн мессеж түгэж эхэллээ. Мессеж хэн нэгэнд зориулагдаагүй ч цаагуураа АН-ын түгээн дэлгэрүүлж байгаа “дэнчин” гээчтэй холбоотой болох нь түвэггүй ойлгогдож байгаа юм.
Өчигдөр болсон Ардчилсан намын Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сунгаанд өрсөлдөгчид С.Эрдэнэ даргадаа тус бүр 3.8 тэрбум төгрөгийн дэнчин төлжээ.
Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон өдрүүдэд хэвлэлийнхний дунд АН-аас сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа улстөрчид мөн л дэнчин гээчийг төлнө. Энэ нь нэг хүний нэг тэрбум төгрөгт хүрнэ гэсэн таамаглал явж байсан ч бодит байдал дээр дэнчин гээчийн хэмжээ нь 3.8 тэрбум төгрөгт хүрч олны гайхшийг барж эхлэв.
Улс орон эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар татвар нэмж, иргэдийнхээ түшигт найдаж байхад эсрэгэээр АН дээр төвлөрч байгаа энэ олон тэрбум төгрөг хаанаас гараад байна вэ?. Улс орныг мөнгөөр худалдан авах эрээ цээргүй оролдлогыг эхлүүлсэн энэ мөнгөний эх үүсвэрийг шалгадаг газар байна уу?
Монгол хэлний үгийн санд дэнчин гэх үг бий. Ямар нэгэн зүйлийн барьцаа болгон тавьж байгаа эд зүйл, хөрөнгийг дэнчин хэмээн тодорхойлдог бол АН-ын хурааж хуримтлуулж байгаа дэнчинд буцаан олголт байхгүй юм.
АН Засгийн эрх барьсан 2012-2016 онд эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэсэн. Бондын мөнгөөр босох ёстой байсан бүтээн байгуулалтууд царцан, эргэн төлөгдөх боломжгүй зээлийн зарга эхэлж, нийгэм бүхэлдээ эдийн засгийн хямралд сөхөрч байхад ганцхан АН их мөнгөний даллага дунд оршин тогтнож байгаа нь нийтийн анхаарлыг татах болов. Тиймээс тус намынхныг төрөөс хулгайлсан мөнгөөрөө төрийг худалдан авч байна хэмээн шүүмжилж байгаа иргэдийн байр суурь содон харагдаж байна.
С.Эрдэнийн эхлүүлсэн АН-ын дэнчингийн аян оны эхээр явагдсан тус намын даргын сонгуулийн марафоноор анх хэрэгжиж эхэлсэн. Энэ үеэр намын даргад нэр дэвшигч таван хүн тус бүр 250 сая төгрөг төлсөн бол дөрөвдүгээр сард болсон АН-ын аймаг, нийслэл, сум дүүргийн намын даргын сонгуульд нэр дэвшигчид ч бүгд их хэмжээний мөнгийг халааснаасаа гаргаж байв.
Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгчид 90 саяыг намдаа барьсан бол аймгийн намын даргад өрсөлдөгчид 15 сая, дүүргийн намын даргад өрсөлдөгчид 20 сая Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүнд нэр дэвшигчид тус бүр гурван сая төгрөгийн дэнчин төлсөн юм.
Д.ХАЛИУН