Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч, тэрбумтан Питер Тиел сүүлийн үед Google компанийн талаар таагүй мэдэгдэл дараалан хийсэнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус компанийг шалгах болсноо зарлажээ. Мөн тэрбээр Фэйсбүүк компанийн ТУЗ-ийн гишүүн, хэд хэдэн технологийн компанийн хөрөнгө оруулагч Тиелийг иймэрхүү асуудлыг хэнээс ч илүү мэдэх мэдлэгтэй хүн хэмээн сайшаасан байна. Технологийн ертөнцөөс Дональд Трамптай хамгийн ойр хүн гэгддэг Тиел 2016 оны сонгуулийн үеэр Дональд Трампыг ивээн тэтгэж байсан аж.
Питер Тиел Google компанийн Хятадад хөгжүүлж байгаа хиймэл оюуны төсөлд тус улсын нууц албаныхан оролцсон байх өндөр магадлалтай тул Холбооны Мөрдөх Товчоо, Тагнуулын Төв Газар үйл ажиллагааг нь шалгах ёстой хэмээн ярьсан ч нэг ч бодит баримт сэлт дэлгээгүй юм.
Харин Тиелийн ярилцлагын дараагаар Google компани дээрх мэдэгдэл огт ор үндэсгүй мэдээлэл болохыг мэдэгджээ.
Google компани өнгөрсөн онд цензуртай хайлтын системээ Хятадын зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан нь илэрч, хүчтэй шүүмжлүүлж байсан ба маш их эсэргүүцэлтэй тулгарсны улмаас уг төслөө зогсоосон. 2010 оноос хойш тус компанийн хайлтын системийг Хятадад хориглосон ч технологийн бусад компаниудын нэгэн адил дэлхийн хамгийн том интернет зах зээлд нэвтрэх арга сүвэгчилсээр байгаа билээ. Мөн 2017 оны сүүлээр Google Хятадад өөрийн хиймэл оюуны технологийн төвийг байгуулсан нь анх удаа Азид технологийн төвөө байгуулсан тохиолдол байв.
Эх сурвалж:SCMP