Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт долоон газар түймэр гарсан талаар Онцгой байдлын газраас мэдээлж байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар нийт 500 орчим га талбай шатжээ.
Нөхцөл байдлын тухайд:
- Ерөө сумын Буургачин багийн “Халуун рашаан” гэдэг газрын урд уулын энгэрт ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 22:35 цагт хүлээн авч, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 25 алба хаагч унтраахаар ажиллаж байна. Өчигдрийн 22:30 цагийн байдлаар алба хаагчид 3 бүлэгт хуваагдан түймрийн баруун, зүүн, урд талд ажиллаж түймрийг хяналтанд авсан байна. Түймрийн голомтод унанги модонд уугилт ихтэй, салхи тогтуун байгаа аж. Түймрийн голомтод өнөөдөр үүрээр 04:00 цагаас 06:30 цагийн хооронд бороо оржээ. Урьдчилсан байдлаар түймэрт 200 га талбай шатсан.
- Ерөө сумын Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар мөн энэ сарын 11-ний өдрийн 12:30 цагт усархаг бороо орж аянга буусны улмаас ойн түймэр гарчээ. Түймрийн тухай мэдээллийг 12-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 52 хүн унтраахаар ажиллаж өчигдрийн 15:16 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар /түймрийн зүүн болон урд талд/ ажиллаж байгаа юм байна. Түймрийн голомтод өнөөдөр үүрээр 04:00 цагаас 06:30 цагийн хооронд бороо орсон ба урьдчилсан байдлаар түймэрт 130 га талбай шатжээ.
- Мандал сумын Тарни багийн “Атаа” гэдэг ууланд гарсан ойн түймрийн цэг www.fires.ru сайт дээр энэ сарын 12-ны өдрийн 15:30 цагт илэрсэн байна. Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч ажиллаж байгаа аж. Өчигдрийн 23:00 цагийн байдлаар түймрийн голомтод унанги мод, хөвд ихтэй, тэнгэр бүрхэг, салхи тогтуун байна гэж мэдээлжээ. Өчигдөр түймрийн нөхцөл байдалтай танилцах, хүч нэмэгдүүлэн ажилуулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр Онцгой байдлын ерөнхий газрын 1, Үндэсний аврах бригадын 24 алба хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрч, түймрийн голомтод 15:10 цагт очин алба хаагчдыг буулгасан байна. Түймрийн голомтод өнгөрсөн шөнийн 02:20 цагаас 04:00 цагийн хооронд бороо орсон, түймэрт урьдчилсан байдлаар 27 га талбай шатсан байна.
- Ерөө сумын Буурагчин багийн “Угтаал гол” гэдэг газарт ойн түймрийн цэг www.fires.ru сайтад энэ сарын 13-ны өдрийн 12:00 цагт илэрчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 19 хүн ажиллаж өчигдөр 16:04 цагт түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна. Түймрийн голомтод өчигдрийн 15:00 цаг, 16:54 цаг, үүрээр 04:00 цагаас 06:30 цагийн хооронд бороо оржээ. Түймэрт урьдчилсан байдлаар 15 га талбай шатсан байна.
- Мөн Буурагчин багийн “Бэрлэг” гэдэг газар ойн түймрийн цэг www.fires.ru сайтад энэ сарын 15-ны өдрийн 12:05 цагт илэрчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 11 алба хаагч түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Өчигдөр 16:00 цаг, үүрийн 04:00 цагаас 06:30 цагийн хооронд тухайн газар бороо орсон байна. Түймэрт урьдчилсан байдлаар 20 га талбай шатжээ.
- Мандал сумын Тарни багийн “Цагаан жалга” гэдэг газар ойн түймрийн цэг өчигдөр 14:00 цагт www.fires.ru сайтад илэрсэн байна. Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Д.Батболдоор ахлуулсан Мандал сум дахь Улаанбаатар төмөр замын харьяа “Мод боловсруулах үйлдвэр”-ийн 10 ажилтан мөн өдрийн 22:30 цагт түймрийн голомт руу хөдөлсөн байна. Түймрийн голомтод өнгөрөгч шөнө 02:20 цагаас 04:00 цагийн хооронд бороо оржээ.
- Алтанбулаг сумын Цөх багийн ”Ногоон толгой” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага энэ сарын 14-ний 09:30 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 31 хүн ажиллаж өчигдөр 15:00 цагт цурманд оруулжээ. Улмаар мөн өдрийн 22:55 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна. Түймэрт урьдчилсан байдлаар 48 га талбай шатсан байна.