БОАЖЯ-наас 2 дахь жилдээ зохион байгуулсан “Цэвэрхэн наадацгаая” аян энэ жил өргөн хүрээнд өрнөлөө. Урлаг, соёл, спортын салбарын олны танил эрхмүүд олон нийтийг цэвэрхэн наадахыг уриалж, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа 33 тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагч нар, 21 сав газрын захиргааны мэргэжилтнүүд наадамчин олонд хандлагаа өөрчилж, цэвэрхэн наадах уриалга дэвшүүлэн ажиллаж байна.
“Цэвэрхэн наадацгаая” аяныг Монголын оюутны холбоо дэмжин, 200 оюутан наадмын 5 өдөр Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Горхи-Тэрэлжид ажиллаж 11 мянган хогны уут тарааж, 100 орчим тонн хог түүжээ. Тодруулбал, Горхи-Тэрэлжээс 46 тонн, Туул голоос 41 тонн, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгаас 10 орчим хог түүжээ. Өнгөрсөн жил тус аяны хүрээнд мөн л 200 залуу 30 гаруй тонн хог цэвэрлэж байсан.
“Цэвэрхэн наадацгаая” аяныг Монголын оюутны холбооноос гадна Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, “Монгол наадам” цогцолбор, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, АПУ, Юнител, “LADA Mongolia” компани, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, “Хоггүй Монгол” ТББ болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжин ажилласан нь томоохон дэмжлэг болсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.