Амралт зугаалгаар явахдаа гол уснаас болгоомжлохыг ард иргэдэд албаныхны зүгээс тогтмол анхааруулж байгаа. Гэвч иргэдийн хайхрамжгүй байдлаас болж хүний амь нас эрсэдсэн явдал гарсаар байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр Ерөө голд живсэн иргэний цогцсыг голын эргээс олсон байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Цагаан тохой” гэдэг газар “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан зугаалж явжээ. Гэтэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат 24 настай залуу Б энэ сарын 13-ны өдрийн 17:00 цагийн орчим “Ерөө” голын усанд живсэн байна. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 17:29 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын болон Цагдаагийн газрын алба хаагчид, “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн ажилтнуудын хамт нийт 20 хүн эрлийн ажиллагаа зохион байгуулж, өчигдрийн 08:34 цагт дээрх иргэний цогцсыг осолдсон газраас 200 метрийн зайд “Цагаан тохой” гэдэг газраас “Ерөө” голын эргээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Иймд голын усны түвшин нэмэгдсэн энэ үед иргэд аялал зугаалгаар явахдаа албаныхны өгсөн сэрэмжлүүлгийг биелүүлж, өөрийн болон өрөөлийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг дахин анхааруулж байна.