“Монголын үнэн” сонин
М.Энхцэцэг
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ- ын ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэж амжих болов уу?
-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаад жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Уг нь Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлхээс өмнө Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцчих байсан юм. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг оруулж ирээд дахиад л хойшилчлоо. Би УИХ дахь МАН-ын бүлгийн. хурал дээр хэлэлцүүлэг явуулахыг байнга шахаж, шаардаж байгаа.
Үндсэн хууль хэлэлцэж байх явцад зайлшгүй хэлэлцэх асуудлыг дундуур нь хэлэлцэж болно гэсэн заалт байдаг. Үүний үндсэнд ээлжит бус чуулганы дундуур оруулж өгөөч гэсэн хүсэлтийг ч өгсөн. Оюутолгойн шалгалтын дүгнэлт, санал нь гарчихсан. Одоо тогтоолын төслийг л гаргах ёстой юм.
Тогтоолын төсөл надад бий. Гэтэл тогтоолын төсөл гаргахын тулд 10 гаруй гишүүн, хоёр Байнгын хорооноос ажлын хэсэг гаргасан байна лээ. Уг нь санал дүгнэлтэд тулгуурлан тогтоолын төсөл гаргахад цаг хугацааны хувьд удах зүйл байхгүй.
-“Рио Тинто” компанийн гаргасан мэдэгдлийг гаднын хэвлэлүүд нийтэлсэн байсан. Мэдэгдэлд, далд уурхайн бүтээн байгуулалтыг хийхэд өртөг, зардал их гарахаар байна. Монгол дахь төслөө зогсоогоод өөр төсөл хэрэгжүүлнэ гэсэн мэдээлэл ч байна?
-Зориуд тиймэрхүү зүйл ярьдаг. Энэ төслийг 2.5 тэрбум ам.доллараар эхлүүлж байсан. Сүүлд ТЭЗҮ-ээ гаргаж 4.4 тэрбум болсон. Одоо 11 тэрбум гаруй ам.доллар болчихоод цаашдаа ч нэмэгдэх хандлага байна гэсэн тооцоог гаргасан. Ингэж өртөг нэмэгдүүлэн үр ашгаа өртөгтөө тусгадаг нь олон улсын жишиг юм билээ. Миний хувьд “Рио Тинто” компани гэхээс илүү Оюутолгойн төслийг судалж 20 гаруй ном уншлаа. Тэгэхээр үүнд тэдний тал буруутай юу эсвэл манайх уу гэдгийг анхаарах ёстой. Оюутолгойн гэрээ, хэлэлцээр хийсэн хүмүүс санаатай эсвэл санамсаргүйгээр нэлээд алдаа гаргасан нь ойлгомжтой болсон. Тиймээс УИХ-аас тогтоолын төслийг нь гаргачихвал Засгийн газар “Рио Тинто”-гийнхонтой ширээний ард сууж, төслийг урагш явуулах ёстой. Засч, сайжруулах зүйл ч их бий.
-“Рио Тинто” компанийнхан зориудаар дээрх мэдээллийг гаргасан гэсэн үг үү?
-Би түүнийп мэдэхгүй. “Рио Тинто” компани ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийн товчилсон материалыг урьдчилж авчихаад түүнд дүгнэлт хийдэг шүү дээ.
Тиймээс хоёр тал ширээний ард сууж л асуудлыг шийдэх ёстой. Монгол Улсын баялаг дээр сууж, үйл ажиллагаа явуулж байгаа компанийнхан Монгол Улсын Засгийн газартай ширээний ард суух ёстой.
-Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна. Ингэхдээ Ерөнхийлөгч одоо байгаа УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг тав болгох зэрэг тодорхой саналыг тусгажээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгчийн саналыг өнөөдөр /өчигдөр/ хүлээн аваад судалж байна. УИХ-ын гишүүдийн тоог Үндсэн хуулийн ажлын хэсгээс асуухад гурван сая гаруй хүн амтай улс 120-140 орчим парламентын гишүүнтэй байх ёстой гэж хэлж байсан.
Тэгэхээр одоо байгаа 76 гишүүн байна гэсэн тоо хаанаас гараад ирсэн юм, Ерөнхийлөгчийн санал болгоод байгаад 108 гэсэн тоог хэрхэн тооцоолсныг судалж байж байр сууриа илэрхийлнэ. Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ, дэмжихгүй гэж хэлэхээсээ илүү эхлээд судлах шаардлагатай.
-Улс төрийн намууд үл хөдлөх хөрөнгөгүй болгох саналыг мөн хэлж байгаа шүү дээ?
-Дэлхийн жишгийг бид харах хэрэгтэй. Олон улсад үндсэн хөрөнгөтэй ч нам байна, хөрөнгөгүй нь ч бий. Миний хувьд парламентын засаглалтай улс орнуудын жишээгээр Герман улсыг харж, ярихыг хичээдэг. Манай парламентын засаглал, Үндсэн хууль Германы хуульд нэлээд тулгуурласан байдаг. Үүгээр үзвэл Германд үндсэн хөрөнгөтэй ч нам байна, хөрөнгөгүй ч байна. Тэгэхээр үүнийг судлаад ямар жишгийг нь дагавал тохирох вэ гэдгээ шийдэх ёстой.
1 comment
Женко хачин хачин хууль санаачлахаа больёооо. 208 хүн 5 жилийн турш улам л тайван сайхан хулгай дээрэм авилгалаа авна, өмнөх эргүү 76г багасгая гэж бхад солиорцын. Жанхуу хүрэлсүх 2т өс хонзонгоо авч бгаагаас өөр улс орон ард түмнээ бодож хиысэн юм алгаа