Орон орны хууль дүрэм, хоригууд заримдаа олны инээдийг барах нь бий. Жишээ нь гэхэд Израильд өмнө нь баавгайтай хамт эргийн амралтын газраар зугаалахыг хориглодог байлаа. Харин одоо энэ хориг цуцлагджээ. Гэхдээ л элсэн эрэг дээр майга борыг дагуулан явах бодол хэний толгойд орох билээ дээ.
Тэгвэл үүн шиг хачирхалтай хоригууд зарим эргийн амралтын газарт үйлчилдэг. Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан аль улсын ямар эрэг дээр ямар хориг хэрэгждэг, зөрчвөл ямар торгуульд унах талаарх мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
1. Сардини арал, Итали.
Сардинийн эргээс элс, хясаа зөөхийг хориглоно. Жуулчид очсон газрынхаа дурсгал болгож, эндээс элс, хясаа бага хэмжээгээр авахыг оролдох нь их. Тэгвэл тэднийг онгоцны буудлын сканераар л шууд барьчихна гэсэн үг. Сардинид үүнийг гэмт хэрэгт тооцдог. Учир нь хэдэн сая жилийн настай арал байгалийн баялгаа улам алдсаар л байна. 2015 оны зун л гэхэд Элмас нисэх онгоцны буудал жуулчдаас 5 тонн орчим элс цүнхнээс нь хураан авчээ.
2. Тоттори хот, Япон.
Японы Тоттори хотод элсэн дээр юм зурж, бичиж болохгүй. Энэ хотын далайн эргийн газрын элсэн манхан гол дурсгалт газар нь юм. Элсэн манхан нь 100 000 гаруй жилийн настай.
3. Майорка ба Боракай арал.
Майорка аралд та элсээр цамхаг босгосныхоо төлөө 100 еврогоор торгуулж болзошгүй. Филиппиний Боракай аралд ч мөн ийм хориг үйлчилдэг. Энд элсэн цамхаг барихыг хориглодог нь элсний байдал, унаган төрхөнд нь сөргөөр нөлөөлдөг гэж үздэгийнх гэнэ. Боракай арлын хувьд Майоркагаас ялгаатай нь ганц торгуулиар зогсохгүй, элсний барилгачдыг шоронд хорьдог байна.
4. Японы далайн эргүүд.
Японд бие дээрээ ил харагдах шивээстэй хүмүүсийг эргийн амралтын газарт оруулдаггүй. Ийм төрлийн хуулийг 1948 онд хориглосон хэдий ч бие дээрээ зураг зурах нь зохисгүй гэх үзэл одоо ч үргэлжилсээр байна. XVII зуунаас шивээсийг гэмт хэрэгтнүүдэд хийдэг байжээ. Харин якүзагийн дайчид мафид үнэнч гэдгээ бүх биедээ хийлгэсэн шивээсээрээ баталдаг байлаа.
5. Италийн далайн эргүүд.
Италид эргийн бүсэд хамаарах олон тооны хууль үйлчилдэг. “Аюулгүй эрэг” нэртэй нэгэн зааварчилгаагаар бол эргийн ойролцоо бүх төрлийн худалдаа эрхлэхийг хориглоно. Торгуульд зарж байгаа бүх бүтээгдэхүүнийг нь хуран авна.
Үүнээс гадна эрэг дээр иллэг хийлгэх, шивээс тавиулах зэрэг үйлчилгээ захиалсан жуулчдыг торгоно. Үйлчилгээ авсан жуулчид заримдаа 7000 еврогийн торгуульд унах ч тохиолдол бий.
6. Ла Пелоза эрэг, Сардини.
Ла Пелоза эрэг дээр нүүр гарын алчуур хэрэглэхийг хориглоно. Нүүр гарын алчуур, элс хоёрын дунд хивс, элс наалддаггүй хулсан дэвсгэр дэвссэн тохиолдолд л алчуур доороо дэлгэж хэвтэхийг зөвшөөрнө. Учир нь амрагчид хэтэрхий их элс наалдуулан авч явснаас болж байгалийн унаган нөөц асар хурдацтайгаар алдагддаг тул ийм арга хэмжээ авсан гэнэ.
7. Корнуолла эрэг, Англи.
Английн Корнуолла эрэг дээр хайрга чулуу түүвэл 1283 ам.доллартай тэнцэх хэмжээний торгуульд унана. Хайрга чулуу багассаны улмаас эрэг орчим элэгдэлд оржээ. Тиймээс эргийн чулууг түүгээд л байвал удахгүй энэ хэсэг давалгаанд өртөж, оршин тогтнохоо болино.
8. Мертл-Бич, Өмнөд Каролина.
Өмнөд Каролинагийн Мертл-Бичид ёс бус үг хэллэг хэрэглэхийг хориглоно. “Myrtle Beach Online”-ын мэдээллээр өнгөрсөн жил ийм зөрчлөөр хураан авсан торгуулийн хэмжээ хотод 22289 ам.долларын орлого оруулсан байна.
9. Пукет арал, Тайланд.
Тайландын Пукет аралд маш чанга хууль хэрэгждэг. Алдарт Май Кхао эргийн амралтын газар нисэх онгоцны буудлын нислэг буултын зурвасаас холгүйхэн оршдог. Энд нисч, бууж байгаа онгоцтой хамт зургаа авахуулахыг хүн бүр хүсэх нь ойлгомжтой. Гэтэл шинэ хоригоор энд онгоцтой хамт селфи хийх, зураг авахуулахыг хоригложээ. 2019 оны хавраас эхлэн энэ улсын ялын дээд хэмжээ нь цаазын ял болсон.
Тиймээс зураг авахуулж, нисгэгчдийн анхаарлыг сарниулсан, хурц гэрэл гаргаж, үзэгдэх орчныг нь үгүй хийсэн, үүнээс болж осол гарахад хүргэсэн бол цаазын ял ч сонсох магадлалтай.
10. Тропеа хот, Итали.
Тропеа хотод гоё бие хаагүй, царай муутай эмэгтэйчүүд цээж нүцгэлэхийг хориглоно. Гоё хөхтэй эмэгтэйчүүд наранд биеэ шарж болно гэсэн хууль энд 1982 оноос үйлчилж байна. Гэхдээ гоо сайхны үнэлэмжинд нь яг ямар бие хаа, хөх орохыг хуульчлаагүй байна.
Эх сурвалж: adme.ru