АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн бодлогогүй үйл хөдлөл, үг хэллэгнээсээ болж байнга л шүүмжлэлд өртдөг билээ. Тэгвэл энэ удаад тэрбээр Конгресс дэх Ардчилсан намын эмэгтэй гишүүдийг арьс өнгөөр ялгаварласнаасаа болж дахиад л шүүмжлүүлж байна. Тодруулбал, тэрбээр үндэстний цөөнхийн төлөөлөл болсон эмэгтэй гишүүдийг “Тэд бол засгийн газар нь бүрэн сүйрсэн улс орноос гаралтай. АНУ-ыг шүүмжлэхээсээ өмнө өвөг дээдсийнхээ нутагт очиж эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй “ гэж твиттертээ жиргэжээ.
Уг жиргээнүүд нь АНУ-д төрсөн Александриа Окасио-Кортез, Рашида Тлейб, Аянна Прессли болон 12 настайдаа АНУ-д дүрвэн ирсэн Ильхан Омар нарыг чиглэсэн байсан бөгөөд түүний энэхүү жиргээг маш олон хүмүүс арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргалаа хэмээн буруушаан маш бүдүүлэг, байж боломгүй үйлдэл гаргалаа хэмээсэн байна.
Дональд Трампын уг жиргээнээс хойш түүний нэр хүнд огцом унаж байгаа нь цахим санал асуулгуудаас илт харагдаж байгаа ба АНУ-ын Конгрессын эмэгтэй гишүүд хэвлэлийн хурал зарлаж, энэ үеэрээ түүнийг “АНУ-ын түүхэн дэх хамгийн муу, хамгийн их авлигад өртсөн Ерөнхийлөгч” гэж цолложээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь ч мөн арьс өнгөөр ялгаварласан утгатай мэдэгдэл хийж байсан юм. Тэрбээр АНУ-д ирсэн цагаачдыг гэмт хэрэгтнүүд, хүчирхийлэгчид гээд Африкаас ирсэн дүрвэгчдийг “өмхий нүх”-нээс Америкт ирсэн хүмүүс гэж байлаа. Үүгээр ч зогсохгүй тус улсын экс Ерөнхийлөгч Барак Обамаг АНУ-д төрсөн гэдэгт эргэлздэг хэмээн хэлж байв.
Эх сурвалж:CNN