Голын усанд хүүхдийг хараа хяналтгүйгээр ойртуулахгүй байх талаар албаныхан сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэж байгаа ч хүүхэд голын усанд осолдсон мэдээ ирсээр байна. Тухайлбал, Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Хумхын-Ам” гэдэг газар тус сумын харьяат Б-гийн 1 нас 6 сартай хүү А өчигдөр 21:00 цагийн үед Тамир голын усанд живсэн байна.
Орон нутгийн 30 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 23:50 цагт осолдсон газраас зүүн тийш 3 км газраас цогцсыг нь олж уснаас гарган тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Иймд иргэд аялал, зугаалганд явахдаа:
– Гол, уснаас хол буудаллах
– Согтууруулах ундааг зохистой хэрэглэх
– Гол, ус гатлахдаа зориулалтын зам, гүүр, гармаар гарах
– Хүүхдийг гол, мөрөн, нуур, цөөрөм рүү харгалзах хүнгүй, ганцааранг нь болон бага насны хүүхэдтэй явуулахгүй байх
– Усан орчин, гол горхи, усан сан, бассейнд хүүхдийг хараа хяналтгүй тоглуулахгүй байх
– Голын ойр орчим тоглуулах үедээ аврах хантааз өмсүүлэх
– Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, загасчлахгүй байхыг анхаарууллаа.