Баяр наадмын өдрүүдэд орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарч эрдэнэт хүний амь нас эрдсэн харамсалтай хэргүүд бүртгэгджээ. Доорх ноцтой ослуудыг дан эмэгтэй жолоочид үйлдсэн нь анхаарал татаж байна.
Тухайлбал, Дорнод аймаг Цагаан-овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг Цагдаагийн байгууллага 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 06:03-д хүлээн авч шалгахад:
Тус сумын 5 дугаар баг сумын төвөөс баруун урагш 14 км зайд байрлах “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай “О” нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр гарч улмаар 06, 07 сартай 2 эмэгтэй хүүхэд нас барж 3, 11, 25 настай 3 хүн гэмтжээ.
Ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.
Мөн Хэнтий аймаг “Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна” гэсэн мэдээллийг 07-р сарын 12-ны 09:52-д авч шалгахад: 33 настай эмэгтэй “Э” нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хажууруу онхолдож, зорчиж явсан 5, 10, 21 настай 3 хүн газар дээрээ нас барж, 28-30 насны 2 хүн гэмтсэнийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
Долдугаар дугаар сарын 11-нд Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт тээврийн хэрэгсэлд хүн дайруулж нас барсан гэсэн мэдээллийг 20:05 цагт хүлээн авч шалгахад:
38 настай эмэгтэй “А” нь өөрийн тээврийн хэрэгсэлээр нөхөр болох “Э” /эр,41н/-г мөргөж амь насыг нь хохироосон байжээ. Хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.
Жолоочид та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн газар анхааруулж байна. #ЯараадЯахавДээ