Италийн Наполи хотноо болж буй Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” XXX наадмаас Монгол Улсын баг тамирчдаас таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртлээ.
Энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх Универсиад наадамд 120 орны оюутан тамирчид спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулж байна.
Манай тамирчин М.Түмэнбаяр Эстони, Франц, Азарбайжан, Италийн тамирчдыг дараалан хожиж, аваргын алтан медалийн төлөөх тоглолтод Ираны тамирчин Х.Сегхад ялагдаж мөнгөн медаль хүртсэн байна. Энэ жинд Тайланд, Италийн тамирчид хүрэл медалийн эзэд болжээ.
Универсиад наадамд жүдо, таеквондо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, талбайн теннис, ширээний теннис гэсэн нийт долоон төрөлд манай 33 тамирчин оролцож, таеквондогийн төрөлд М.Түмэнбаяр мөнгө, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Баасанжаргал хүрэл медаль хүртээд байна.