Улсын их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын дархан мэргэн, спортын дэд мастер Гантулгын Бүддорж харваачтай хэсэгхэн хором хөөрөлдсөнөө толилуулж байна.
-Сайн байна уу. Баяр наадам эхэлж байна. Та сайхан наадаж байна уу. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Наадамчин олондоо баяр наадмын мэнд хүргэе. Намайг Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Монгол Улсын дархан мэргэн, спортын дэд мастер Гантулгын Бүддорж гэдэг. Миний аав шагай харвадаг аймгийн гоц мэргэн цолтой хүн байдаг юм. Шагайн харваа спортоор хичээллээд найман жил болж байна. Анх хашлага, сум нийлүүлэхийг хүргэн ах маань зааж өгч байлаа. Аймгийн гоц мэргэн н.Ганзориг гэж хүн байдаг. Сурч эхэлж байхдаа шагай руугаа явах дургүй, гэртээ л ганцаараа харвадаг бүрэг хүүхэд байсан. Сүүлдээ оройн хоолоо идчихээд л яардаг ганц зүйл маань шагай харвах болчихсон байсан. Одоогоор Дорноговь аймгийн “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн тамирчин. Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Шаравжамцын Отгонбаяр гэж багшийнхаа багт тоглодог. Багш маань Монголын шагайн харвааны дэд тэргүүн хүн. Багшийнхаа шавь болж багт нь ороод гурван жил болж байна даа.
-Шагай харвааны ач холбогдлын талаар сонирхуулаач.
-Шагайн харваагаар хичээллэх нь хүнийг зөв төлөвшүүлнэ. Танилын хүрээгээ тэлнэ, ер нь л их буйр суурьтай сууж сургадаг. Шагайн харваа анх уламжлалт наадгай байсан бол одоо спорт тал руугаа хөгжиж байгаа мэдрэмжийн спорт гэж би боддог. Мэдээж бэлтгэлгүй бол ямар ч амжилтанд хүрэхгүй, тиймээс бэлтгэл маш их чухал. Харвах гээд сууж байх тэр агшинд анхны сурц гэж байдаг, түүн дээр бэлтгэлээ хийж байхдаа авсан сэтгэл зүйгээрээ болон мэдрэмжээ ашиглан анхаарлаа сарниулалгүй харвадаг. Бэлтгэлээ сайн хийсэн байхад сэтгэл зүй тогтвортой болоод ирдэг юм. Шагай харвадаг болсноор бахархах зүйл их бий. Төрийнхөө их баяр наадамд түрүүлчихээд төв цэнгэлдэхээ тойроод алхах харваач болсны минь хамгийн том бахархал.
-Таны анхны тэмцээн хаана болж байв, энэ наадмын бэлтгэлээ хаана хийв?
-Анхны тэмцээн гэвэл төрөлх сумын маань 80 жилийн ойн баяр наадам юм. Тэрхүү наадмаар анхны медалаа авч байлаа. Энэ жилийн наадмын бэлтгэлийн тухайд бол Тэрэлжийн амралтын газар багийхантайгаа хийлээ.
-Оролцсон тэмцээндээ түрүүлэх үедээ баяртай мэдээгээ ар гэрийхэндээ дуулгах гэж яардаг биз. Тэр агшнаасаа хуваалцана уу?
-Тэмцээнд түрүүлээд хамгийн түрүүнд аав, ээж рүүгээ л хэлдэг. Миний аав, ээж хоёр надад захихдаа “тэмцээнтэй үедээ тэмцээнээ л бод, аав ээж нь ард нь байгаа шүү” гэдэг. Тэд маань миний хамгийн сайн дэмжигчид.
-Аливаа спорт тухайн тамирчнаас багагүй хүч хөдөлмөр шаарддаг. Танд шантрах үе байв уу?
-Шантрах үе байгаагүй ээ. Сум, хашлага нийлүүлээд эхэлсэн л бол сурдаггүй бас больдоггүй спорт гэж ярьдаг юм. Ер нь төгс сурсан хүн гэж байхгүй л дээ, тэгээд ч төгс сурчихвал сонирхолгүй биз дээ. Миний хувьд Монгол Улсын даяар дуурсах дархан мэргэн гэх хамгийн өндөр цолонд хүрэх, тэгээд ажил амьдралын олон зорилго байгаа. Нас залуу байна шүү дээ.
-Хашлага болон сумныхаа тухай сонирхуулаач.
-Хашлаганд тодорхой хэмжээ байдаг, гэхдээ яг стандарт нь тийм гэсэн нарийн хэмжээс байдаггүй. Сум нь хүнд, хөнгөн гэж бий. Түүнийгээ өөрийнхөө няслагаанд тохируулан сонгодог. Бугын эвэрний таваар сумыг хийдэг. Хашлага нь ум хар, могой мод гэсэн чанартай моднуудаар хийгддэг юм. Америкаас оруулж ирдэг юм билээ. Өөр бас шанз хөгжимний ишээр, сампингаар хийдэг. Би харваж эхэлснээсээ хойш олон сум, хашлага сольж байгаагүй. Хугарах тохиолдолд л сольдог.
-Үлгэр дуурайлал авдаг харваачаасаа нэрлээч гэвэл?
-Байлгүй яахав. Дорноговь аймгийн дархан мэргэн А.Амарбаяр гэж хүн бий. Баг хамт олондоо нийтэч, тусархуу, хол замд түшигтэй, зорьсондоо тууштай, бүх зүйлд зааж зөвлөдөг хүн байдаг юм. Надад хүндэлдэг харваачид олон байгаа.
-Хоёр жил дараалан түрүүлсэн амжилтын тань уухай тасралгүй, энэ жил дахин түрүүлэхийн ерөөл тавья. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд баярлалаа. Эрхэм харваачиддаа болон бүх монголчууддаа төрийн их цэнгэл баяр наадамдаа дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай гэж хүсье.
Ярилцсан: Т.Пагмаа