Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хязаалан болон шүдлэн морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж байна.
Дөнгөж сая хязаалан насны морьд барианд орж ирлээ. Энэ насанд газар газрын 267 хурдан хязаалан шандсаа сорьсоноос түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Д.Даяндэмидийн хонгор үрээ хурдалж түмэн олноо баясгалаа. Энэ хонгор үрээ нь Тод манлай уяач Д.Даваахүүгийн алдарт “Наран” хонгор азарганы төл. Өмнө нь том наадамд уралдаж байгаагүй аж. Харин аман хүзүүнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат уяач Г.Болдбаатар хүрэн хязаалан хурдаллаа.
Өнгөрсөн жилийн наадамд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж байсан билээ.