Жон, Филлис Кук хэмээх залуу хос Охайо дахь хөгшчүүдийн асрамжийн газартаа хамтын шинэ амьдралаа эхлүүлсний баяраа тэмдэглэж байна.
Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Жон өдгөө 100 настай бол шинэхэн эхнэр Филлис нь 103 насыг зоогложээ. Филлис Кукийн хувьд урт насалж байгаа нь тийм ч гайхмаар үзэгдэл биш юм. Учир нь түүний ээж 106 нас хүрч байжээ.
Өнгөрсөн долоо хоногт тэд гэрлэх зөвшөөрөл авахаар шүүхэд очоод, шууд л гэрлэж болно гэдгээ мэджээ. “Биднийг шүүхийн байранд очиход тэд “Та хоёр шууд эндээ гэрлэж болно шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Сайн байна. Эндээ л дуусгачихъя” гээд гэрлэсэн” хэмээн Жок Кук ярьжээ.
Хоёр хөгшин гэрлэхээсээ өмнө жил шахам үерхсэн гэнэ. “Үнэнийг хэлэхэд бид бие биедээ шууд л дурласан. Бидний насны хүмүүс хайрлаж дурлаж болохгүй гэж та нар бодож магадгүй л дээ. Гэвч бид бие биедээ үнэн сэтгэлээсээ хайртай” хэмээн Филлис Кук ярьсан байна.
Залуу хос өмнө нь хоёр хоёр удаа гэрлэж, бэлэвсэрч байжээ. Тиймээс гурав дахь удаагаа хайраа олсондоо асар ихээр баярлаж байна. “Бид хоёр их зүйл дээр нийцэж, бие биетэйгээ харьцаж амьдралын жаргалыг мэдэрдэг” хэмээн Жон Кук хэлжээ.
Тэд өдрийг хамтдаа өнгөрүүлж, идэж ууж буй зүйлсээсээ таашаал хүртэж, нарлаг өдөр гадаа салхилж, хөгшчүүдийн асрамжийн газрынхаа хонгилоор моторт дугуйгаараа зугаалдаг. Гэхдээ үе үе бие биеэсээ хол амардаг байна.
“Бид хоёр тусдаа өрөөнүүдэд амьдардаг. Бие биедээ ганцаараа цагийг өнгөрөөх боломж олгох хэрэгтэй шүү дээ” хэмээн Филлипс Кук ярьсан байна.