Шинэ Зеландын Отагогийн их сургуулийн эмч нар шинэ судалгаа хийгээд, хамтдаа уудаг хосууд бусад хосоос ч илүү аз жаргалтай байдгийг тогтоожээ.
Гэрлэсэн 1500 хосын гэр бүлийн амьдралыг судалсан тэд хамтдаа архи, дарс, шар айраг хэрэглэдэг, гэхдээ долоо хоногт нэг удаа багахан хэмжээгээр хэрэглэдэг хосууд (91%) илүү аз жаргалтай гэдгээ хүлээн зөвшөөрснийг олж тогтоожээ.
Нөхөртэйгөө хундага дарс хамтдаа тулгаад уудаг эмэгтэйчүүд огт уудаггүй эмэгтэйчүүдээс дөрөв дахин их аз жаргалтай байсан бол эхнэртэйгээ уудаг эрчүүдийн хувьд хундага шарзаар алжаалаа тайлж чаддаггүй эрчүүдээс гурав дахин илүү аз жаргалтай байсан гэнэ. Мичиганы их сургуулийн социологид ч мөн ийм л дүгнэлтийг хийж байсан юм.
“Манай судалгаа бол эхнэр нөхрийг их уудаг тухайд биш, хамтдаа уудаг эсэхийг илрүүлэх зорилготой байлаа” гэж төслийн удирдагч, социологич Кира Бердит хэлсэн аж.
Тэрбээр хэсэг нөхдийн хамт Америкийн 2767 хосын туршлагыг судалжээ. Албан ёсоор гэрлэсэн тэд дунджаар 33 жил хамт амьдарчээ. Тэднээс социологичид хоёр жил тутамд хэр их, хэр давтамжтай уудаг, нөхөр, эхнэрээ найдвартай хүн гэж боддог уу, уурыг нь хүргэдэг үү гэж асуужээ.
Тэгтэл хосуудын 45 орчим хувь нь хамтдаа уудаг гэж хариулсан байна. Ийм хосууд бие биедээ уурлаж, гомдоллох нь бага, аль нэг нь их, бага хэмжээтэй уусан ч харилцаанд нь хүчтэй нөлөөлдөггүй гэж гарчээ.
Мөн огт архи амсдаггүй хосууд ч бат бэх харилцаатай байв. Харин нэг нь уугаад, нөгөө нь уудаггүй хосууд тийм ч аз жаргалтай байдаггүй. Эхнэр нь согтууруулах ундаа хэрэглэдэггүй айлууд харилцаа нь хөрсөн, нөхөр нь эрүүл байхдаа эхнэрээ байнга шүүмжилдэг гэж гомдолложээ.
“Үүний шалтгаан нь юу вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Магадгүй эхнэр нөхрүүд чөлөөт цагаа ихэнхдээ хамтдаа таатай өнгөрүүлдэг нь харилцаанд нь нөлөөлдөг байж болох юм” хэмээн Кира Бердикт ярьсан байна.
Гэхдээ эхнэр нөхрүүдийг энэ дүгнэлтээс болж уух зуршлаа огцом өөрчилж хэрэггүй гэж судлаачид уриалж байна. Хэрэв хосуудын нэг нь уудаггүй бол нөгөө хос нь архи амсахаа болих нь илүү оновчтой гэжээ.
Эх сурвалж: sdpnoticias.com