О.Лхагвадорж
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэх дуулиан шуугиант үйл ажиллагаа МАН-ын луйварчин төрхийг ёстой л ил тод харуулж байна. Ард түмний итгэл, сэтгэлээр тоглох гэж байгаа МАН-ын энэ увайгүй байдлыг хараад дуугүй сууж тэвчишгүй нь.
МАН-ынхны ярьж байгаагаар бол “… Энэхүү өөрчлөлтөд Улсын Их Хурал “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар … Судалгаа хийж, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, давхардсан тоогоор 5.4 сая санал иргэдээс хүлээж авсан. Эрдэм шинжилгээний хэд хэдэн хурал хийж, Үндсэн хууль судлаач, эрдэмтэд, Үндсэн хууль тогтоогчдын санал, дүгнэлтийг авсан. УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан. УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн 20 гаруй жил иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр, нийгмийн зүтгэлтнүүдээс Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг боловсронгуй болгох, өөрчлөх талаар удаа дараа санал гаргасаар ирсэн. Улсын Их Хуралд дөрвөн ч удаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан. Эдгээрийг үндэслэн … судалгаа хийсэн. Судалгааны дүн, ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.” гэнэ.
Монголын олон нийтийн тэр ярьж хэлж, хүсэж байгаа өөрчлөлт бол та нарын тулгаад байгаа албан тушаал эрх мэдэлтэй холбогдсон хэдэн заалт биш харин Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, эсвэл хоёр танхимтай парламенттай байх уу?… гэх зэрэг үндсэн суурь өөрчлөлтийг ярьж хүсэж, мэтгэлцэж ирсэн. Тэгэж өөрчлөхийн тулд шинээр “Ардын их хурал” байгуулъя гэж хүсэж шаардаж ирсэн.
Гэтэл энэ мэт нийгэмд яригдаж байсан Үндсэн хуулийн талаархи шинэчлэлийн тэр санаа бодлыг нулиман “хогийн сав” руу хаяж орхиод, нөгөө хогийн сав руугаа зааж, “Бид “зөвлөлдөх ардчилал”-ыг хэрэгжүүлж энэ бүхнийг үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулж байна” хэмээн өөрсдийн хүсэл зорилгоо бүх нийтийнх болгон тулган хүлээлгэх гэж байна.
Үүгээрээ МАН нөгөө “гар утсаар олон нийтийн санал асуулга явуулсан” Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэгч этгээдээс ялгаагүй луйварчны араншинтайгаа харуулав.
Бас “Бид Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна” гэсэн тайлбарыг хийж байна.
Гэтэл “дордуулсан долоо” гэх тэрхүү өөрчлөлт хүчин төгөлдөр бус болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2000 оны 11 дүгээр сарын 29-нд хуралдсан их суудлын хуралдааны 02 дугаар тогтоолоороо эцэслэн шийдвэрлэчихсэн. Тиймээс түүнийг засахын тулд Үндсэн хуульд гар хүрэх шаардлагагүй. Зөвхөн өнөөг хүртэл явуулсаар байгаа өөрсдийн хууль бус үйлдлээ л зогсоочих.
Мөн МАН-ынхан Үндсэн хуулийг “сэглэх” санаархлаа зөвтгөж буй өөр нэг шалтаг нь “Засгийн газрыг тогтвортой ажиллуулах асуудал Ерөнхий сайдын эрх мэдлээс шалтгаалах болоод байгаа юм. Ялангуяа танхим нь 1.6 жилийн настай болсон манай улсад Ерөнхий сайдад сайд нараа томилж, чөлөөлдөг эрх олгох нь зөв гарц гэдэг дээр олон эрдэмтэн судлаач нэгдэж байна.” гэнэ.
Засгийн газар богино настай байгаа нь Үндсэн хуулиас, тэр тусмаа Ерөнхий сайдын эрх мэдэл дутмагаас болж байгаа хэрэг огт биш. Харин МАН болон АН-аас үүрэг хариуцлагаа ухамсарлах чадваргүй, ажлаа мэдэхгүй, ёс суртахуунгүй, хамгийн үл бүтэх этгээдүүдийг Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнээр томилж байсантай холбоотой юм. Мөн УИХ-д сонгогдсон МАНАН-гийн гишүүд гэх увайгүй гэмт хэргийн бүлэглэлүүдийнх нь ёс зүйгүй байдлын илэрхийлэл болохоос бус Үндсэн хуулинд “бүлэглэж хуйвалдаад Засгаа огцруулаад бай”, эсвэл “Засгийн газрын гишүүд хулгай хийгээд худлаа хэлээд байж бай” гэсэн заалт байхгүй.
Өөрөөр хэлбэл гишүүд нь ёс суртахуунтай, үүрэг хариуцлагаа ухамсарладаг байсан бол зүгээр ажиллаж байгаа Засгийн газрыг татаж унагаагаад байхгүй. Мөн Засгийн газар нь үнэхээр сайн ажиллаж байсан бол татаж унагаагаад байх шалтаг шалтгаан ч гарахгүй байсан.
Гэтэл МАНАН-гийн томилсон Ерөнхий сайд, Засгийн газрууд нь улс орныг цөлмөн хоослож, дампууруулж, ард түмний эсрэг балмад хэргүүдийг үйлдэж, хулгайч луйварчдыг хамгаалж, дэмжин өөгшүүлж ирсэн.
Үүнийг өнөөдөр хууль хяналтын байгууллагуудаар хэрэг нь шалгагдаж яваа, зарим нь ч бүр шийтгүүлээд амжсан олон сайд, Ерөнхий сайд аснуудын идсэн уусан, шамшигдуулсан, завшсан хөрөнгө мөнгө, улс орныг хохироосон гэрээ хэлцлүүдээс нь харж болно.
Ажил хийдэггүй ЗГ-уудаас болж улс орон өдөр өдрөөр өрөнд орж, ажилгүй, орлогогүй иргэд нь архинд эрүүл ухаанаа алдаж, хар тамхинд донтож, хадлварт өвчин, яр тэмбүүнд баригдаж, харалган шуналд идэгдэж гүйцлээ.
МАН, АН-ын нөмөрт хоргодсон хулгайч луйварчид нь төрийн албанд сэлгэн томилогдоод гэмт хэргээ давтан үйлдсээр байхад хайхрах төр, таслан зогсоох хуульгүй болчихоод, өнөөдөр гадаадын улс орнууд л гэмт хэрэгтнүүдийг нь барьж саатуулдаг болоод байна. Сайдыг нь хүртэл гэмт хэрэгтний адилаар үзэж, нэгжиж шалгаж байж хилийнхээ дээсийг алхуулж байгаа нь Монголын төрийн үнэлгээ гадны улс орнуудад ямархуу болсны нэгэн жишээ юм.
Гадны элдэв тэнүүлчид эзэнгүй айлын авдар сав онгичих адил улс орны эд баялгийг дураараа зөөж, монголчуудыг айлган сүрдүүлж, доромжилж байдаг болсон.
Ийм ЗГ-уудыг 1.6 жил байтугай 1 сар ч байлгаж болохгүй. Гэтэл харин ч удаан байлгаж, монгол улсад үлэмж хохирол учруулах боломжийг олгосоор ирсэн. Тэгээд одоо энэ гэмт хэргүүд нь чамлалттай санагдаад байна гэнэ дээ!
Адаглаад өнөөгийн Засгийн газрынхаа байж байгаа царайг харчих!
Хэдэн сангуудаа үгсэн хуйвалдаж, хуваагаад цөлөмчихсөн ЖДҮ-чдээ хамгаалж, энд тэнд саасаганан гүйж очиж сүржин ярихаас өөр юу ч хийхгүй, юу хийхээ ч мэдэхгүй Ерөнхий сайдтай, зөрүү ярьж, зөрөлдөж гүйсэн танхимын хэдэн гишүүдтэйгээ ч ам ажлаа нэгтгэж чадахгүй байгаа энэ Засгийн газартайгаа УИХ нь хариуцлага ярьж чадахгүй л байгаа!
Гэтэл УИХ-ын гишүүд болоод Засгийн газрын сайдуудын, ер нь төрийн албан хаагчдын хариуцлага, ёс суртахууныг сайжруулахын тулд гэмт хэрэгтнийг хамгаалдаг, өөгшүүлдэг хуулиудаа засаж өөрчилье, үүрэг хариуцлага ярья! гэхийн оронд УИХ-аасаа илүү эрх мэдэлтэй Ерөнхий сайд бий болгоё гэж зүтгээд байгаа нь шуудхан хэлэхэд МАН үнэн хэрэгтээ “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэж заасан Үндсэн хуулийн 20 дугаар зүйлийг үгүйсгэсэн зөрчилтэй заалт нэмснээр, Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулан, парламентын засаглалыг чимээгүйхэн баллуурдах гэж байна.
Өөрөөр хэлбэл МАН-ын “Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт” гэдэг нь угтаа Үндсэн хуулийн утга агуулгыг алдагдуулж, завхруулах гэсэн санаа зорилго болохоос биш Төрөө засаж сайжруулан, хариуцлагыг өндөржүүлэх санаа биш гэдэг нь юмны учир ойлгодог хэн бүхэнд тодорхой юм.
Түүнчилэн Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангахын тулд зөвхөн шүүгчдийн бүрэлдэхүүн дотроосоо бие биенээ сонгодог байхаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэнэ.
Шүүгч хараат байгаа учраас л авлига аваад байгаа юм байна л даа. Хараат бус байх гэдгийг МАНАН-гийн бүлэглэл юу гэж ойлгодог юм бол доо! Чухамдаа шүүхийн хараат бус байдал гэгчээр далайлган шүүгчийн буруу шийдвэрийг үл хянах нөхцлийг бүрдүүлж, ингэснээр шүүгч нэртэй, яаж ч дураар авирлаж болох дархан эрхтэй бүлэглэлийг нийгэмд бий болгосон.
Үр дүнд нь өнөөдөр улс нийгэмд ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгтнүүдийн хамгаалагч “босс” нь шүүгчид болж, албан ёсны “нийгмийн дайсан” гэгдэхүйц анги давхрага болон хувираад байгаа нь нууц биш ээ. Гэмт хэрэгтнүүдийн хань хамсаатан болсон шүүгчдийг өнөөдөр манай төр яаж ч чадахгүй байгааг бүгдээрээ л харж байгаа. Дотоод гадаадын том хулгайч, луйварчдын үйлдсэн хэргүүд шүүх дээр очоод хэрэгсэгдэхгүй болон замхарч, хэрэгтнийг барилаа, тавилаа гэдэг мэдээлэл нийгмийн сонорт зэрэгцэн хүрдэг болоод удаж байна.
Гэтэл Үндсэн хуульд шинэчилэн оруулж буй заалтуудаараа УИХ-ын шалгасан шалгалтын эцсийн шийдвэрийг ч шүүх гаргахаар тусгаж байгаа нь ямар ч хяналтгүй дархан эрхтэй “нийгмийн дайсан”-ы эрх хэмжээг нэмэгдүүлэх бодлого явж байгааг гэрчилнэ. Иймэрхүү л өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар МАН улайрч байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд хэлж байгаа шалтгууд нь нухацтайхан ганц асуултанд бүдэрч байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатарын асуусан “бусад хуулиудаар шийдчихэж болохоор байтал заавал яагаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгээд байгаа юм бэ?! гэсэн асуултад хэрхэн хариулж байгаагаас телевиз үзэгчид харцгаасан байх аа.
Г.Занданшатар даргынхаар бол Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйрлэвэл вирустсан компьютерээ форматлаж цэвэрлэдэгтэй адил төрөө цэвэрлэхийн тулд юм гэнээ! Үндсэн хуульд засвар оруулахаар л хулгайч нар шударга хүмүүс болчих нь гэнэ шүү!
Хаана ингэж, луйварчны авир араншин хэлж ярьж байгаа үг бүхнээс нь нэвчин ханхалтал хүнийг сурган бэлтгэдэг юм бол оо?!
Өөрсдийнх нь батлан хэлж байгаагаар 20 гаруй жил Үндсэн хуулийг өөрчлөх талаар шаардаж байсан ард иргэдийн хүсэлтийг хясан боогдуулж ирсэн МАН юуны учир гэнэтхэн элдэв долонцор үг хэлж, яарч адган нэмэлт өөрчлөлт оруулахаар ингэтлээ улайран зүтгээд унав аа?!
Учир нь тун тодорхой.
Үүнд:
Эхний нэг шалтгаан нь Гадаад эзэд нь шахаж шаардаж байгаагаас үүдэлтэй болохыг судлаач Д.Ганхуяг “”Шинэ” Үндсэн хуулийн цаад учир” нийтлэлдээ тодорхой бичсэн тул энд давтаж дурьдах нь илүүц юм.
Хоёрдугаарт
– АТГ-ын дарга Ц.Энхжаргал ажлаа өгөхийнхөө өмнө олны сонорт хүргэсэн 33 их наяд /үнэндээ бол 45 их наяд/ төгрөгийн хулгай, луйврын гэмт хэргийг нуун дарагдуулсан, УИХ-аас 2015 онд баталсан “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль” гэгчийг,
– Авлигын болон албан тушаалын том гэмт хэргүүдийг ял шийтгэлээс хаацайлан хамгаалахын тулд гаргасан хуульд оруулсан “Хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон” заалт гэгчийг,
– Монгол Улсын эрх ашгийг хохироосон Оюутолгойн гэх мэт хохиролтой гэрээний уг үндэс нь болсон, гадны захиалгат Ашигт малтмалын тухай хууль гэгчийг,
– Аливаа гэмт хэргийг таслан зогсоох зорилгыг биш зөвхөн ард иргэдийг эдийн засгийн хувьд туйлдуулан эрхшээлдээ байлгах зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Зөрчлийн тухай хууль” гэх зэрэг олон хууль Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийн эсрэг санаа зорилготойгоор боловсруулагдан батлагдсан нь ард иргэдэд нэгэнт ойлгомжтой болж, нийтийн анхааралд өртсөн тул, Нийгмийн зүгээс дээрхи “хуулиудыг” хүчингүй болгож, засаж өөрчлөхийг шаардах зүй ёсны эсэргүүцэл, зэвүүцлийг дарах, түүнд тавих анхаарал, идэвхийг замхруулан саринуулах, хамгийн сайн арга бол “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” ярьж хэлэлцүүлэг, маргаан өрнүүлэх явдал юм.
Гурав дугаарт:
Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төсвийн асар их хөрөнгийг шамшигдуулан завшдаг, Монгол Улсын Үндэсний эрх ашгийг ноцтой хохироосон гэмт хэрэгтнүүдийг хамгаалан ял шийтгэлгүй өнгөрөөдөг, өөрсдийн бий болгосон гэмт хэргийн бүтэц, сүлжээгээ хамгаалан авч үлдэхийн тулд тэдгээрээс нийтийн анхаарлыг бас хөндийрүүлэх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт:
Дээр дурдсан хуулиудыг дахин хэлэлцэж, засаж өөрчлөх зүй ёсны үүрэг хариуцлагаасаа зориуд зайлсхийж, хэвээр нь авч үлдэхийн тулд УИХ завгүй их ажил хийж байгаа мэт харагдахад энэ бас хэрэгтэй. Тэгээд ч зогсохгүй энэ удаагийн УИХ Монголын нийт ард түмний хүсэн хүлээж байсан “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” гэх “их хэргийг бүтээсэн” гэсэн “том гавъяа”-г өөрсөддөө наан сурталчилахад нь маш хэрэгтэй.
Тавдугаарт:
“Ард түмнээрээ хэлэлцэн шийдвэрлэсэн, 3,2 сая хүний бүтээл” гэж “хошгоруулж” байгаад гадаад эздийнхээ ашиг сонирхлыг Үндсэн хуульд шингээж, шигтгээд авбал бүлэглэлийнхээ хүрээнд хувааж хүртэх хувь хишиг нь нэмэгдэж, гаднаас дэмжлэг тусламжийг ч өөрсөддөө олж авна гэсэн горьдлого ч бас байгаа л байх.
Ингэж нийгмийн сэтгэл зүйгээр тоглосон, олон нийтийн гомдол бухимдлыг сарниулан саармагжуулах үйлдлээрээ МАН, АН гэх гэмт хэргийн бүлэглэлүүд гэмт хэргүүдээ мартагнуулж, Төрийн эрх мэдлийг атгасан хэвээр үлдэж, хулгай луйвраа цааш үргэлжлүүлэхийг мөрөөдөж байна.
Эх сурвалж: Sonin.mn