Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр, зургаадугаар сарын сүүлийн арав хоногийн байдлаар монгол орны зүүн болон төвийн нутгаар үргэлжлэн орсон хур борооноос шалтгаалан зарим голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн аюултай түвшинг даван үерлэжээ. Иймд, голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сэрэмжлэх.
Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах, хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэлээ сайтар хангаж, болгоомжтой зорчих, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцаар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хараа, хяналтаа сайжруулах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулж, түгээхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Түүнчлэн өнөөдөр буюу долоодугаар сарын 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлэхийг зөвлөлөө.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин