Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2019.07.04) үдээс хойш хуралдав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар болон төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажиллаж байгаа юм.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин даргалж, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан болон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг нар оролцов. Мөн уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон ажлын дэд хэсгийн гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг, Үндсэн хууль судлаач О.Машбат, Д.Сүнжид нар оролцлоо.
Ажлын хэсгийн хуралдаанаар энэ долоо хоногт хуралдсан Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг ажлын дэд хэсгүүд хуралдаанаараа нэгтгэж хэлэлцсэн талаарх мэдээллийг сонсохоор болж, энэ талаар эхлээд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч, Улсын Бага Хурлын гишүүн Р.Хатанбаатар мэдээлэл хийсэн юм.
Ажлын дэд хэсгийн ахлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан Байнгын хороодын хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын зарим гишүүд гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо татаж авсан талаарх мэдээллийг Ажлын хэсгийн гишүүдэд дуулгаад үүнийг хуралдааны тэмдэглэлд тусгуулах саналтай байгаагаа хэлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нар Байнгын хороодын хуралдаан дээр гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналаа татаж авчээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Мөнхбат ажлын дэд хэсгүүдийн мэдээллийг нэг бүрчлэн сонсоход нэлээд цаг хугацаа шшардагдах учраас цаг хожих үүднээс ажлын дэд хэсгүүд болон Байнгын хороодын хуралдаан дээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар шууд санал хурааж шийдвэрлээд явах горимын санал гаргасныг Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хороодын хуралдаанаар хийх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав.
Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслацлаа үзүүлэх үүрэг бүхий ажлын үндсэн дөрвөн дэд хэсэг өчигдөр хуралдаж, тухайн дэд хэсгийн чиг үүрэгтэй холбоотойгоор Байнгын хороодын хуралдаан дээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн авч үзэж, холбогдох тайлбар, үндэслэлээ боловсруулжээ.
Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин эхлээд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар Байнгын хороодын хуралдаан дээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг танилцуулж, санал хураалгалаа. Ажлын хэсгийн гишүүд энэ үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудтай холбогдуулан ажлын дэд хэсгийн гишүүдийн тайлбар, үндэслэлийг сонсож, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.
Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэх талаарх төслийн заалтыг өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол, мөн төслийн энэ заалттай холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг ажлын дэд хэсэг дээр дахин ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэж үзээд түр хойшлуулсан бол төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 хэсгийн 1 дэх өгүүлбэрээс “тогтолцоо” гэснийг хасахаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Болд, Ж.Батзандан нарыг гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “олонхын саналаар батална” гэснийг “олонхын саналаар хуулийг бүхэлд нь эцэслэн батална” гэж өөрчлөн найруулах санал гаргасан нь дэмжигдлээ. Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг буюу Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлд хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог байгуулахтай холбоотой заалт нэмэхээр тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, Д.Оюунхорол нарын саналаар хасах нь зүйтэй гэж үзэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн агуулгатай 19зүйлийн 1 дэх хэсгийг нэмэхээр тусгасныг хасахыг Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь дэмжив.
Харин Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх өгүүлбэрийг “Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэхээр тогтлоо. Харин төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавин тав” гэснийг “тавин” гэж өөрчлөхөөр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нээлттэй үлдээж, ажлын дэд хэсэг дээр дахин ярилцаж шийдэхээр тогтов.
Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 10 дахь заалт буюу Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын иргэнийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа удаа томилно” гэсний дараа “Улсын Дээд шүүхийн нийт гишүүдийн гуравны хоёр нь шүүн таслах ажлын туршлагатай байна” гэж нэмэх Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, А.Ундраа, Н.Учрал нарын санал олонхын дэмжлэг авсан юм. Мөн Ажлын хэсгийн саналаар төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын эхний өгүүлбэрийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно” гэж өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарын гаргасан саналын дагуу төслийн 3 дугаар зүйлийн 14 дэх заалт буюу Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “есөн жилийн хугацаатай” гэснийг “есөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” гэж өөрчлөхөөр тогтсон юм.
Харин Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот; тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж өөрчлөхөөр Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллыг дэмжив. Мөн Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Сумын Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд хуулиар тогтоосон журмын дагуу сонгож, аймгийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Дүүргийн Засаг даргыг сонгох, эсхүл томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар боллоо.
Ажлын хэсэг маргааш хуралдаж гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналыг эцэслэн хэлэлцэж нягталж шийдвэрлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.