Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг маргааш (2019.07.05) 11:00 цагт албан ёсоор нээх юм байна. Үүний өмнө 10:00 цагт Улаанбаатараас тус нисэх онгоцны буудал хүртэлх 32 км хурдны замын нээлт болно.
Монгол Улсын агаарын тээврийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох тус нисэх онгоцны буудал бүрэн ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ийнхүү бэлэн болжээ.
Нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ. “Концессын тухай” хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иенийн зээлийг буцаан төлөх боломжтой гэж тооцсон байна. Компанийн ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэх юм.