Өмнөговь аймаг 2017 он болон 2018 оны ажлаараа 2 жил дараалан “Тэргүүний аймаг” болон өнгөрсөн тавдугаар сард батламжаа гардан авч байсан билээ.
Аймаг орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж, ХОШОЙ ТЭРГҮҮНИЙ АЙМАГ болоход өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан 1000 төрийн албан хаагчдаа шагнаж урамшуулжээ.
Түүнчлэн гурав дахь жилдээ “Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, өрх толгойлсон эцэг эх хамрагддаг ба 1,5 сая хүртэл төгрөгийн санхүүжилтийг эргэн төлөлтгүйгээр авч өрхийн үйлдвэрлэл, орлогоо нэмэгдүүлдэг юм байна. 2019 оны төсөлд 90 ахмад настан, 27 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 өрх толгойлсон эцэг эх нийт 133 иргэн хамрагдаж өрх гэр бүлдээ ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүлжээ.