Долдугаар сарын 4-ний энэ өдөр АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байна. Сүүлийн 30 жилийн түүхэнд, Вашингтон Ди Си хотноо анх удаа цэргийн техник хэрэгслүүдээ “гайхуулан”, сүр хүчийг үзүүлэх зорилгоор цэргийн парад зохион байгуулах шийдвэрийг Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан билээ.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа авсан Дональд Трамп Парист Елисейн талбайд Бастилийг эзлэн авсан өдөрт зориулсан цэргийн парад үзсэнийхээ дараа энэ төрлийн арга хэмжээг эх орондоо зохион байгуулахаар удаа дараа санал гаргаж байв. Мөн цэргийн техник оролцсон парадыг Тусгаар тогтнолын өдрөөр зохион байгуулах эрмэлзэлтэй байгаагаа ч цөөнгүй удаа мэдэгдсэн юм.
Тэрбээр өнгөрсөн жил Ахмад дайчдын өдрөөр цэргийн парад зохион байгуулахаар төлөвлөсөн ч зардал ихтэй, төсөвт дарамт учирна гэж үзсэний улмаас парад болоогүй. “The Washington times” сонинд мэдээлснээр, Трамп “АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийг тэмдэглэх хүрээнд долдугаар сарын 4-ний өдөр нийслэлд байлдааны танк оролцсон парад болно” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр сэтгүүлчдэд “Вашингтонд долдугаар сарын 4-нд гайхалтай өдөр болно. Маш онцгой. Хотод танкууд байршуулна” хэмээн ярьсан байна.
Өнгөрсөн 2018 онд Ахмад дайчдын өдрөөр парад зохион байгуулахаар төлөвлөсөн ч энэ төрлийн арга хэмжээ 20 сая ам.доллараас хэтрэхгүй гэж найдаж байсан Цагаан ордон 92 сая ам.долларын зардал гарах нь тодорхой болмогц хэт өндөр гэж үзэн цуцалжээ.
“Ассошиэтед Пресс” агентлаг, өнгөрсөн оны хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн парад зохион байгуулахыг Пентагон буюу Батлан хамгалах яамнаасаа хүссэн тухай мэдээлж байв.
Энэ удаад АНУ-ын засаг захиргаа энэхүү үйл ажиллагааг сайтар зохион байгуулахаар тохиролцсон байна. Тус баярт зориулсан цэргийн парадад оролцох “Абрамс” танкуудыг өнгөрсөн лхагва гаригт Вашингтонд авчирсан талаар “The New York Times” мэдээлжээ.
Эх сурвалж: TASS, BBC