Увс аймгийн харьяат 68 настай Б /эрэгтэй/ өнгөрөгч зургадугаар сарын 26-ны өдрийн 05:30 цагийн орчим Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Эрх саран” сувиллаас гараад сураггүй болжээ. Эрэн хайх ажиллагааг тухайн өдрөөс энэ сарын 1-нийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон. Өчигдрийн (2019.07.02) байдлаар Нийслэлийн Аврах ангийн болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид нийт 6 хүн “Эрх саран” сувиллаас “Шувуун фабрик” хүртэл 12 км-т явганаар голын салаа бүрээр явж голд унасан зараа модыг уснаас гарган цэвэрлэж, “Туул” голоор 10 км-т завьтай урсаж, 5 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:20 цагт эрлийг зогсоожээ. Өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.
Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт 64 настай Э /эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ өнгөрсөн сарын 28-ны өдөр гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Өчигдрийн байдлаар ар гэрийн 6 иргэн тус сумын төвөөс зүүн хойд зүгт “Манхан” гэдэг газраас “Ремизовын өндөрлөг” гэдэг газар хүртэл 7 км-т явганаар эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй байна. Улмаар өнөөдөр 06:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 15 алба хаагч, Хилийн 0198 дугаар ангийн 5 алба хаагч, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын 14 алба хаагч, Халхгол сумын ЗДТГ-ын 12 ажилтан, ар гэрээс 6 иргэн, нийт 52 хүн эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Амиа хорлохоор голд орсон эмэгтэйг аврах гэж байгаад өөрөө усанд амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчийн талаарх мэдээллийг бид өнөөдөр хүргэсэн байгаа. Тэгвэл бас нэгэн иргэн голд осолдсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Орхон голын 96-ийн “Шинэ гүүр Энхтал” гэдэг газар Увс аймгийн харьяат 22 настай залуу Ш Орхон голд осолдсон тухай дуудлага өчигдөр 17:15 цагт иржээ. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын болон сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид ар гэрийнхний хамт нийт 10 хүн мөн өдрийн 19:19 цагт “Энхтал” гэдэг газраас Орхон голоор 3 км-т завиар урсаж, 3-4 метрийн гүнд 2 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй байна. Тиймээс 22:09 цагт эрлийг түр зогсоон өнөөдөр үүрээр 05:30 цагт дахин эхлүүлжээ.
1 comment
хийх юмаа олж ядаад нойр нь хүрэхгүй гарааад яваа биз дээ