Олон нийтийн анхаарлын төвд байгаа хүнд өвчин зовлонд нэрвэгдсэн Б.Амингэрэл, Т.Есөн-эрдэнэ нарын хагалгаа эм, эмчилгээнд зориулан тэдгээрт бодит дэм тус болох үүднээс олны танил уран бүтээлчдийг хамруулсан сайн дурын “Сэтгэл хайрыг түгээе” нэгдсэн хандивын тоглолтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Б.Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарын ар гэрийнхэн болон тоглолтын зохион байгуулагч Голд майн медиа групп, ММПи компаниудын төлөөлөл оролцов.
Хандивын тоглолт энэ сарын 5-ны Баасан гарагт UB Palace-ын концертын их танхимд 19:00 цагаас эхлэх юм байна.
Зохион байгуулагчдын зүгээс гол нь цахим орчноор болон бусад хэлбэрээр өргөж буй хандив тусламж үр дүнгээ өгч, хүүхдүүд эдгэрээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлж байлаа. Мөн төрөлхийн өвчтэй, тэр дундаа хавдартай төрсөн хүүхдүүдэд зориулж улсаас бодлогын хэмжээнд хавдрын даатгал болон хавдрын эрсдэлийн сантай болох уриалгыг гаргаж байгаа аж. Энэхүү тоглолтоороо дамжуулан уриалгаа олон нийтэд хүргэхийг зорьж байгаа юм байна.
Тэдний зүгээс хандив тусламж эзэндээ хүрч чадаж байгаа эсэх, ямар үр дүн гарсан зэргийг нээлттэй шилэн байдлаар тайлагнаад явна гэдгээ хэллээ. Хэдийгээр цахим орчинд зураг, тайлбар нь түгж байгаа ч олон нийтэд төдийлөн сайн ойлгуулж чадахгүй байгаа хэмээн үзэж байгаа учраас дээрх хандивын тоглолтыг зохион байгуулж, өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийхээр болжээ.
Төрөлхийн зүрхний 3-4 хавсарсан гажигтай гэсэн оноштой 7 сартай Т.Есөн-Эрдэнийн эгч “Солонгосын Сэжён эмнэлэгт 322 сая төгрөгөөр эмчилнэ гэж байсан. Дараа нь тус эмнэлгийн зүрхний тасгийн дарга нь Монголд ирэх үед бид уулзахад 200 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Яг одоогийн байдлаар хандивын дансанд маань 22 сая төгрөг байна. Хандивын тоглолт зохион байгуулж байгаа энэ хамт олонд болон хандив тусламж өгч байгаа Монголынхоо ард түмэн, ах дүү нартаа маш их баярлалаа. Ингээд миний дүүд амьдрал бэлэглээч ээ гэж та бүхнээс чин сэтгэлээсээ дахин дахин гуйж байна” гэлээ.
Цөсний төрөлхийн битүүрэл оноштой 7 сартай Б.Амингэрэлийн эмээ “Манай охинд цөсний битүүрлээс болж элэгний хатуурал явагдаж эхэлсэн. Манай охин Солонгосын эмнэлэгт очиж шинжилгээ өгөхөд элэг, дэлүү томорсон, цусны бүлэгнэл муу байгаа учраас яаралтай мэс засалд оруулах шаардлагатай гэсэн хариу өгсөн байгаа. Аав нь донор болохоор болсон. Долдугаар сарын 11-нд мэс засал хийхээр товлогдсон байгаа. Гэхдээ 200 сая вонныг эмнэлгийн дансанд байршуулсан нөхцөлд хагалгаа хийнэ гэсэн. Олон түмний хандив тусламжаар миний охины хагалгааны зардал нь одоогоор 60 хувьдаа хүрсэн байна. Ингээд Монголын ард түмэн тусалж, хандивын тоглолт хийх гэж байгаад маш их баярлаж байна. Энэ бүхэнд тусалж дэмжээд охинд минь амьдрал хайрлаач гэж хүсэх байнаа эгч нь” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Зохион байгуулагчдын зүгээс аливаа эрсдэлийн сангууд яагаад байж болохгүй гэдэг байдлаар тодорхой зорилго, зорилтуудыг тавьж үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм байна. Үүний эхлэл болгож уран бүтээлчдийг нэгтгэсэн хандивын тоглолтыг зохион байгуулж, үүгээр дамжуулан бүх ард түмнээ уриалан дуудъя хэмээн зорьжээ.
Тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан, тасалбарын үнэ 20000 төгрөг юм байна. Хандивын тоглолтыг дэмжиж, Мөнхийн үсэг компани тасалбарын хэвлэлтийг хийсэн бол Тэнгис кинотеатрын зүгээс тоглолт үзсэн хүн бүрт хөнгөлөлт үзүүлэх аж. Мөн цахим орчин дахь Аавуудын групп гэх мэтчилэн маш олон хамт олон байгууллагууд уг тоглолтыг дэмжин ажиллаж байгаа юм байна.