Бүтээлч хүмүүс нэмэлт орлоготой болохын тулд бодож олоогүй зүйл гэж үгүй бололтой. Жишээ нь, Германд эрчүүдэд зориулсан цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Эрчүүд дэлгүүр хэсэх дургүйг бүгд мэднэ. Хүүхнүүд нэг дэлгүүрээс нөгөө дэлгүүр рүү хэсч, элдэв зүйлс сонирхож, сонжиж байх зуур хайртай хүн нь бухимдаж, хэзээ энэ зовлон дуусах юм бол гээд зогсож байдаг.
Тэгвэл худалдааны төв эзэмшигчид үүгээр муугүй мөнгө олж болохыг мэдээд эрчүүдэд зориулсан цэцэрлэг нээжээ. Өөрөөр хэлбэл хүүхнүүд хайртай хүнээ ердөө л 10-хан еврогоор цагийг хөгжилтэй өнгөрөөг гээд үлдээж болдог газар юм байна.
Цэцэрлэгийн эрчүүдийг тусгайлан суралцсан “асрагч” нар харна. Тэд өлсөхгүй, халуун хоол идэж, хүсвэл аяга шар айраг ч ууж болно. Энд цагийг зугаатай өнгөрүүлж, амрах бүх юм бий. Тав тухтай буйдан, зурагт, ном, “Плэйбой” гээд янз бүрийн сэтгүүл, комиксууд өрөөстэй байдаг.
Эрчүүд компьютер тоглоом тоглож, паззл эвлүүлж, эсвэл зүгээр л зураг зурж болно. Мөн алсын удирдлагатай машинаар бяцхан уралдаанд оролцож ч болдог гэнэ. Гараараа элдэв зүйл урлаж, сонирхолтой сэдвээр ярилцах гээд нэг ёсондоо цагийг тун хөгжилтэй өнгөрүүлнэ.
“Хөвгүүд”-ийг ялгахын тулд энгэр нь нэрийг нь бичин зүүж, ирэх, явах хугацааг нь заасан тусгай дэвтэр ч хөтөлдөг гэнэ. Томоохон худалдааны төвд байрладаг энэ өрөөнд хүүхэд, эмэгтэйчүүд орохыг хориглоно. Зөвхөн эрчүүдэд зориулсан гэдэг утгаараа энэ шүү дээ.
Цэцэрлэг оройн 7 цаг хүртэл ажиллах болохоор хүүхнүүд хүссэнээрээ шоппинг хийчихээд цагаасаа хоцролгүйгээр нөхрөө авах ёстой. Тэгээд ч эрчүүд эхнэрүүдийнхээ авсан зүйлсийг машинд зөөж өгөх ёстой шүү дээ. Хамгийн хөгжилтэй нь хүүхнүүд тусгай дэвтэр дээр гарын үсэг зурахгүй л бол “цэцэрлэгийн багш нар” нөхрийг нь хүлээлгэн өгөхгүй.
Эх сурвалж: zen.yandex.ru