АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдлын талаар түүний найз охин өнөө өглөө цахим хуудастаа албан ёсны мэдээлэл нийтэлжээ.
Тус мэдээлэлд “Өнөөдөр гэдэг өдөр өнгөрч өгөхгүй зовлонд бүдчиж, маргааш гэдэг өдөр байгаа болов уу гэх бодолтой, цагаар биш минут секундээр хэмжигдсэн айдастай хүндхэн өдрүүдийн ард өнөөдөр нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулсан баяртай мэдээтэй өглөөг угтлаа.
Хэдийгээр ухаан санаа нь хэвийн биш, 24 цагаар бөөрний диализын аппаратаар бөөр орлуулсан, элэг нь ажиллагаагүй, дахин амьсгалын аппарат залгаж магадгүй маш хүнд байдалтай байгаа ч өнөөдөр болсон энэ өөрчлөлтүүд Та бүхний хайр шингээсэн бодлын хүчээр бий болсон юм шүү. Үрс бүхэн эрүүл байх болтугай. Та бүхэндээ маш их баярлалаа” гэжээ.
Монголын сагсан бөмбөгийн шилдэг багууд болох “Хасын хүлэгүүд”, “Ховд шонхорууд”, “Алдар танан гарьд”, “Архангайн дайчид” өнөөдөр 18:00 цагт Спортын төв ордонд О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулан хандивын тоглолт хийх юм.