Олон улсын Наториатчдын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын IX ээлжит чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монголын Нотариатчдын Танхим, Олон улсын Нотариатын Холбоо, Олон улсын Наториатчдын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид нэг дор чуулж буй уг уулзалтыг “Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” сэдвийн дор зохион байгуулж байгаа юм.
Өнөөдрийн чуулга уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нар урилгаар оролцлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нээж хэлсэн үгэндээ наториатчдын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын хүрээнд УИХ-аас Наториатчдын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн талаар дурдаад, үүнд наториатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тухай заалт туссаныг онцлон дурдсан юм.
Тэгвэл нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийгэмд хүний, эрх чөлөөг дээдэлж, хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх аливаа үйл явдал, баримтыг гэрчлэх, хууль ёсны болгох үндсэн үүргийг наториатчид хэрэгжүүлж байгаа учраас наториатчдын үйл ажиллагаа бол нийгмийн амин дэм юм гээд хүний эрхийг хуулийн хүрээнд хамгаалах, дэмжлэг үзүүлэхэд та бүхний оролцоо чухал юм гэлээ. Ялангуяа өнөөдрийн чуулга уулзалт хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийг хамгаалахад наториатчдын гүйцэтгэх үүргийн хүрээнд зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой юм хэмээлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ