Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгч 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлын хүрээнд өчигдөр (2019.06.30) Хууль зүйн ухааны доктор Ж.Оюунтунгалаг мэдээлэл хийв. Тэрээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчдийн нэг ба Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч, хуульч юм.
Түүний хувьд түдгэлзэгдсэн шүүгчдийн дунд нэр нь орсон гэдгийг өнгөрөгч зургадугаар сарын 26-ны Лхагва гарагийн үдэш хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдсэн аж. Улмаар Пүрэв гарагт Ерөнхийлөгчийн зарлиг ирээгүй тул Баасан гарагт асуудлыг тодруулахаар АТГ, ШЕЗ, Төрийн гурван өндөрлөгт хандан шалгуулах хүсэлт гаргахаар болжээ. Энэ талаар ярихдаа “Би хэзээ ч авлига, хээл хахууль авч байгаагүй гэдэг байдлаар шалгуулах тухай хүсэлтээ бичээд үдийн цайны цагийн дараа АТГ-т өгөх гэж байтал АТГ-аас над руу холбогдож гэрийнхээ гадаа ир гэсний дагуу очсон. Манай гэрт Нийслэлийн прокурорын тогтоолтойгоор нэгжлэг явуулсан. Нэгжлэг ажлын цаг дуустал үргэлжилсэн учир хүсэлтүүдээ өгч чадаагүй. Гэхдээ нэгжлэг хийсэн АТГ-ын комиссарт нь хүсэлтээ өгсөн байгаа. Ингээд АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн талаар надад нөлөөлсөн хүн байгаа юу, надтай холбогдсон хүн байна уу гэдэг талаар мэдүүлэг авах үед нь би энэ талаар мэдсэн. Түүнээс биш би энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй гэдэг хэрэг 2017 онд шийдвэрлэгдсэн байна. Энэ хэргийг шийдвэрлэхэд давж заалдах шатны шүүх хуралдаанд би даргалагч шүүгчээр оролцсон. Хуулиар бол шүүгчийг шийдсэн хэрэг маргаантай нь холбогдуулан шалгаж, байцаахыг хориглодог. Гэхдээ энэ хэргийг яаж шийдсэнтэй нь холбогдуулан намайг шалгаж байцаагаагүй байх гэдэгт би итгэж байна. Би хэвлэл мэдээллээр юу гарсан, тийм мэдээлэлтэй байна. Өөрөөр хэлбэл, намайг Асгатын мөнгөн ордны хэрэгтэй холбоотой хээл хахууль авсан гэдэг асуудлаар түдгэлзүүлсэн юм байна гэж ойлгож байна. Надад ийм зүйл байхгүй. Би ийм юманд өртөж байгаадаа гайхаж байна” гэсэн юм.
Тухайн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн асуудлын тухай тайлбарлахдаа “Энэ яригдаад байгаа хэргийг би огт мэдэхгүй байна. 2017 онд 2200-гаад хэрэг орсон байна лээ. Тэгэхээр би 1100-гаад хэргийн шүүх хуралдаанд орсон гэж үзэж байгаа. Асгатын мөнгөн ордны хэрэг дээр ордын тухай байсныг би санахгүй байна. Тэр хэрэгт манай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна лээ. Манай энэ магадлалыг Дээд шүүхээс буруу гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ийм л тогтоолтой хэрэг байна лээ. Энэ хэрэгтэй холбоотой нөлөөлсөн юм танд байгаа юу, энэ хэргийн талаар хүн танд хандсан уу, асуусан уу гэдэг зүйлийг АТГ надаас асуусан. Гэхдээ хэрэг маргаан нь шийдэгдээгүй энэ асуудлыг хамаагүй ярьж дэлгэж болохгүй байх гэж үзэж байна” гэв.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигаас ҮАБЗ-өөс дүгнэлт гарсан гэсэн хууль зүйн үндэслэлийг нь л харсан гэдгээ тэрээр энэ үеэр хэлж байлаа. Мөн шүүгч Ж.Оюунтунгалаг нь энэ талаар ярихдаа, өөрөөр хэлбэл хэвлэлийн бага хурлыг хийхдээ ямар нэг шүүхийг төлөөлөөгүй, хувь хүнийхээ үүднээс ярьж байгаа гэдгээ тодотгосон юм.