“Боловсрол” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар өчигдөр (2019.06.30) үзэгчдийн хүртээл боллоо. Хагас финалын дугаарт авьяаслаг оролцогч Т.Бархүү шоуны оролцогч, дуучин яг Б.Амархүүг шиг дуурайж ялагчаар тодорсон юм. Улмаар Т.Бархүүг 18 сая төгрөгийн эзэн боллоо.
Энэ удаагийн дугаарт шилдэг оролцогчид Монголын нэрт дуучидтай хамтран гайхалтай үзүүлбэрүүдээр үзэгчдэд бэлэг барьсан бөгөөд шүүгч Г.Ганхүүгийн хэлсэнчлэн хоёр Жаргалсайхантай, хоёр Ганхүүтэй, хоёр Энхтуултай, хоёр Амархүүтэй шоу болсон юм. Тодруулбал, оролцогч Б.Нацагдорж буюу Наки шүүгч Г.Ганхүүг, ялагч Т.Бархүү оролцогч Б.Амархүүг дуурайсан бол Накигийн үзүүлбэрт оролцсон бүсгүй шүүгч О.Энхтуулын дүрийг бүтээж, мөн оролцогч Маралжингоо Том Жагаа буюу УГЗ Г.Жаргалсайханы хамт поп дива С.Наранг дуурайн дуулсан билээ.
Ингээд хагас финалын ялагчаар жүжигчин Т.Бархүү тодорч 10 сая төгрөгийн эзэн болсноос гадна нийт есөн дугаарын туршид цуглуулсан оноогоороо тэргүүлж найман сая төгрөгөөр шагнууллаа. Харин дуучин Г.Сүндэрмаа, П.Баярцэнгэл нар нийт 255 оноогоор тэнцсэн тул тус бүр таван сая төгрөгийн эзэн болов.
Жүжигчин Т.Бархүүгийн хувьд шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцахаа мэдэгдэж, чухам юу хийхээ сайн хэлж мэдэхгүй байна гэсэн юм.
Өчигдрийн дугаарт дуучин П.Баярцэнгэл Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг, загвар өмсөгч С.Сарнай реппер Жийг, дуучин Б.Халиун дуучин Укаг, дуучин Б.Амархүү “Чингис хаан” одонт дуурийн дуучин Г.Ариунбаатарыг, дуучин Б.Маралжингоо поп дива дуучин С.Наранг, дуучин Г.Сүндэрмаа Монгол Улсын гавьяат дуучин Т.Ариунааг дуурайж, үзэгчдийн сонор, мэлмийг мялааж, ур чадвараа гайхууллаа.