Туркийн баруун хойд хэсэгт үлгэрт гардаг шиг нэгэн газар бий. Францын шато, Диснейн харшийг санагдуулам олон зуун жижиг шилтгээн бүхий энэ газар бол 2014 онд барилгын ажил нь эхэлсэн Burj Al Babas төсөл юм.
Гэвч энэ төслийг хэрэгжүүлэгч “Sarot Group” энэ барилгын ажлыг дуусгах мөнгө олж чадалгүй дампуурчээ. Ингээд Персийн булангийн орнуудын баян хөрөнгө оруулагчдад зориулсан сайхан шилтгээнүүд өдгөө хоосон байна.
Саяхан “Sarot Group” шүүхээс 27 сая долларын өртэйгөөсөө болоод дампуурсан тухай шийдвэрээ хүлээн авсан байна. Төслийн дагуу энд усан сан, турк ванн, гоо сайхны салон, худалдааны төв, лалын сүм бүхий 732 шилтгээн байгуулах ёстой байжээ. Хэдийгээр Катар, Бахрейн, АНЭУ, Саудын Арабын үйлчлүүлэгчид баригдсан 587 шилтгээнээс 350-ыг нь худалдан авсан боловч хангалтгүй хэвээр байна.
Шүүхээс энэ төслийн барилгын ажлыг яаралтай зогсоох тогтоол гаргасан ч “Sarot Group” бууж өгөх бодолгүй байна. “Төслийн өртөг 200 сая доллар. Бид дахиад 100 байшингаа дарахад л өрөө төлчихнө. Энэ хямралыг 4-5 сарын дотор давчихна гэж бодож байна” хэмээн тус группийн дарга мэдэгджээ.