Жинхэнэ нэр: Мари Магдалене Дитрих \нем. Marlene Dietrich [maɐˈleːnə ˈdiːtʁɪç]\
Төрсөн өдөр: 1901.12.27
Төрсөн газар: Шёнеберг, Герман
Нас барсан өдөр: 1992.05.06 \90 нас\
Нас барсан газар: Парис, Франц
Мэргэжил: жүжигчин, дуучин
Карьер: 1919—1983
1992.05.06-ны өдөр энэхүү нэртэй жүжигчин, дуучин хатагтай хорвоог орхиж билээ. Өдгөө Марлен Дитрихийг сүүлчийнх нь замд үдээд 20 жил болж байна… Агуу авьяаст, сэтгэл булаам, нууцлаг амьдралын золиос. Тэр хэдийгээр немеци, прусс цустай ч америкийн түүхэн дэхь хамгийн нэр нөлөө бүхий жүжигчдийн нэг болж чадсан билээ…
Харин амьдралынхаа сүүлчийн мөчөө маш их ганцаардлын дунд Францад өнгөрүүлсэн байдаг. түүнтэй салах ёс хийх арга хэмжээнд зөвхөн гэр бүлийнхэн нь, цөөн тооны найз нөхөд, дайны партизанууд оролцсон бөгөөд Холливудаас хэн нь ч ирээгүй гэдэг.
Түүний цогцосыг Парисаас Германд авчиран төрөлх Берлин хотод нь оршуулсан юм. Тэр үед явж өнгөрсөн Германы газар нутаг болгонд түүнийг хүндэтгэн замын дагуу амьд цэцгийн баглаа өргөж байсан аж. Байшингийн тагтан дээр – Адье, Марлен, чамд баярлалаа гэсэн бичиг бүхий зурагт хуудас өлгөсөн байлаа. Берлин хот тэр аяараа гашуудан домогт хатагтайтай сүүлчийн салах ёслолыг нэр төртэйгөөр гүйцэтгэсэн байна.
-Миний хүүхэд нас сайхан өнгөрсөн. Залуу нас маань ч гомдохооргүй байлаа. Би их хүмүүжилтэй бас боловсролтойгоороо бахархасаар ирсэн хэмээн Марлен дурьдатгал номондоо бичжээ. Тухайн үедээ тэр Мари Магдалена гэх нэртэйгээ байсан бөгөөд үсний туузаар гоёдог, хийл хөгжим тоглодог залуу хатагтай байсан аж. Угтаа бол түүний гэр бүл хатуу дэг жаягтай, өндөр ухамсар соёлтой, дээд угсааных гэдгээрээ тухайн цаг үеийнхэндээ хүндлэгддэг байсан гэдэг.
Түүний эцэг эх нь Луи Эрих Отто Дитрих, Вильгельмина Жозефина Фельзинг нар юм. Охиноо төрөхөд эцэг Эрих нь цагдаагийн дэслэгч цолтой байжээ. Харамсалтай нь Марленийг зургаатай байхад аав нь нас барсан юм. Ээж нь их ширүүн, хатуу зан чанартай эмэгтэй байсан талаар Дитрих хожим өөрөө ярьсан байдаг. Гэр бүлийнхэн нь хатагтайг “луу” хэмээн хочилдог ч байж. 1907 оноос Марлен охидын сургуульд элсэн оржээ. Хичээлийнхээ зэрэгцээ охин хөгжим тоглож, бүжгээр хичээллэж байсан бөгөөд удалгүй хийл хөгжимөөр дагнан тоглож сонгодог аязуудыг эгшиглүүлэх болжээ.
Тэр хүүхэд насандаа хоёр хүнд “дурлаж” байсан гэнэ. Тэд бол франц хэлний багш мадемуазель Бреган болон дэлгэцийн од Хенни Портен нар аж. Бреганы танин мэдэхүй болон хэлний нөлөөлөл ачаар Марлен амьдралынхаа ихэнх мөчийг Франц оронд өнгөрүүлсэн ч гэж үдэг. Харин Хенни Портен нь дунд сургуулийнх нь дотны найз, шүтээн нь байв.
1914 онд дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Дитрихийн амьдрал эрс өөрчлөгджээ. Тэр Дессау руу шилжжээ. Амьдралын баяр баясал, гэрэл гэгээ дайны үйл явдал, хар мэдээллээр солигдлоо. Сургуулийн хүүхдүүд зөвхөн фронт руу ачигдаж байгаа эмнэлэгийн ажилтан, шархдагсад, шинэ дайчдад зориулан тоглолт хийдэг боллоо. Марлен 1918 онд дунд сургуулиа төгслөө. Улс орон нь халдварт өвчин, өлсгөлөн, ядууралд өртөн хүнд хэцүү амьдрал охиныг угтан авах нь тэр. Берлинд амьдрал там мэт болж эхэлжээ. Ингээд ээж нь шийдвэр гарган Марленийг нийслэлээс Веймар хэмээх хот шилжүүлэн тэнд Фрау фон Штайны сургуульд хийлийн ангид оруулжээ.
1922 онд Марлен Макс Рейнхардтын театрийн сургуульд шалгалт өгч кабаре чиглэлээр суралцаж эхэлсэн байна. Ингэхдээ Грета Мосхаймтай хамт сурч Роза Валетти, Феликс Холландер нараар багшлуулж байжээ. Дараа жил нь буюу 1923.05.17-ны өдөр Марлен кино продюсер Рудольф Зибертэй гэрлэлээ. Тэд “Дурлалын сүйрэл” хэмээх киноны зураг авалтын үеэр танилцжээ. Жилийн дараа бүсгүй охин Мариягаа төрүүлжээ.
-Би хүүхэд төрүүлэхийг их хүссэн. Надад хүүхдээс өөр эрхэм нандин зүйл байгаагүйг хэнч мэдэхгүй ээ. Би залуугаараа нас барлаа гэхэд охиноо насанд хүрч гэр бүлтэй болохыг нь харж амжвал болоо хэмээн боддог байсан даа хэмээн тэр өдрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг. Харин тэр зүйлийг бичсэнээсээ хойг Марлен насан эцэстлээ охинтойгоо таарамжгүй харьцаатай байсан бөгөөд үхэхийнх нь өмнө хатуу зант ээжийгээ Мария охин уучилсан гэгддэг.
Марленийг анх Холливудад дагуулж ирсэн хүн нь найруулагч Жозеф фон Штернберг юм. Тэр царайлаг, соёлт эр байсан. Тэд “Цэнхэр сахиусан тэнгэр” хэмээх киноны зураг авалтын үеэр танилцаж улмаар янаг амрагийн дотно харьцаатай болоод байв. Штернберг бүсгүйг нэр алдарт хүрэхийн эхлэлийг тавьж өгсөн гэж үздэг. Энэ эр л Марлений хөлийг нэг сая маркаар даатгуулж, түүгээрээ насан туршийнхаа хоолоо олж илэх нэг эх үүсвэр нь болгож өгчээ.
Гэхдээ Дитрих эхэндээ сайн жүжигчин байгаа гэнэ. Тоглосон кино болгон нь амжилтанд хүрэхгүй л байлаа. Харин тэр амьдралын сайн тоглогч байжээ. Мари Магдалена эрчүүдийн сэтгэлийг гижигдэгч байлаа. Дуу хоолой үнэхээр сайхантай гэгддэг байсан юм. Ингэхдээ “Парамаунт”-ын өмч болоод байсан түүнд нэг өрсөлдөгч байсан аж. Тэр нь “Метро Голдвин Майер”-ийн Грета Гарбо байлаа. Уран бүтээлээсээ гадна хувийн амьдрал, амраг эрчүүдээрээ ч мөнхийн өрсөлдөгчид явсан. Дитрихийг Жан Габентай амраглаж эхлэхэд Гарбо тэднийг салгах, Марленийг “устгах” төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байх жишээтэй. Ингээд зургаан сарын дараа Гарбо Габенийг өвөртөө оруулсан байжээ.
Ер нь бол Марлен анхны нөхөр Рудольф Зибертэй таван жил амьдарсан. Тухайн үеийн зартай эрчүүд бараг бүгд л дурламтгай бүсгүйн амраг нь байхыг хүсээд тэмүүлээд байдаг байжээ. Габенаас гадна германы зохиолч Ремарк болон америкийн зохиолч Эрнест Хемингуэй нартай нэр холбогдож, янаг амраг нь явсан дуулиан хамгийн их скандал дагуулсан байдаг.
Марлен Дитрих бол маш халуун сэтгэлтэй, эх оронч үзэлтэй нэгэн байсан. Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнө тэрээр Гитлерийн Германы дэглэмийг хүлээн зөвшөөрдөггүй нэгэн байв . Геббельс ч түүнийг ямарч мөнгөн шагнал амлаад ч олж уулзаж чаддаггүй байсан гэдэг. Риббентроп бүсгүйтэй уулзахын тулд өөрийн биеэр Парист ирж байсан аж. Гэвч… 39 онд Марлен америкийн иргэн болчихсон байсан бөгөөд дайны жилүүдийг дуустал цэрэг эрчүүдэд өөрийн сайхан хоолойгоор ая дуугаа хүргэсээр байсан юм. Тухайн цаг үеийн дуунуудаас нь “Лили Марлен” хэмээх дуу нь их алдартай. Цэрэг эрсийн дунд тэр Мерилин Монрогоос дутахааргүй нэр алдартай болоод байжээ. Гэтэл түүнийг америкийн тагнуул гэх ор үндэсгүй хардалт, таамаг яриа гарах болсон. Гэхдээ түүнд нэг ч Оскар байхгүй ч дайны олон одон медаль бий.
Гэвч хүнд жилүүдийн үед ямарч мөнгөгүй болоод байсан Марлен аргагүйн эрхэнд нацист бүсгүйн дүрд тогложээ. Түүнийхээ дараахан Лас-Вегаст дуулахаар ирэхэд америкийн ахмад дайчид түүнтэй уулзаж тоглолтыг нь үзэхээр өнцөг булан бүрээс ирж байв. Энэ бол түүний амьдралын аз жаргалтай үе гэгддэг. Ингээд 60-аад он гаргаад тэр төрөлх Герман орондоо эргэн ирлээ. Аймшигтай нь нэгэн үл таних герман охин түүний нүүр лүү нулимж орхисон байна. Герман дахь хамгийн сүүлчийн тоглолтынхоо дараа тэр уйлжээ. Түүнээс хойш Марлен дахин эх нутагтаа хөл тавиагүй юм.
Түүнээс хойш түүнийг олон жилийн ганцаардал, гашуун нулимс, архидалт гэх харанхуй ангал мэт хувь тавилан угтан авсан билээ. Тэр Парис дахь байрандаа өөрийгөө цоожлон сүүлийн 16 жилийн турш хэнийг ч гэртээ оруулаагүй гэдэг.
Холливуд дахь карьер:
• “Цэнхэр сахиусан тэнгэр” киноны дараа 1930 онд Paramount Pictures-тэй гэрээ байгуулжээ
• Штернбергтэй зургаан кинонд хамт тоглосон
• Дэлхийн хэмжээний нэр алдарыг “Чөтгөр-энэ бол эмэгтэй хүн” хэмээх кино нь авчирсан
• 1936 онд Йозеф Геббельс түүнийг Германдаа ирж кинонд тоглохыг уриад тэр болгондоо 200 000 рейхсмарк төлөж байх санал тавьсан. Гэвч бүсгүй татгалзсан.
• 1939.06.09-нд тэр Америкийн иргэн болов
• 1943.03 сараас хойш жүжигчиний карьераа гурван жил орхисон
• Тэр онуудад Хойд Африк болон Итали, Франц дахь холбоотны армийн цэргүүдэд тоглолтоо сонирхуулах ажилтай байжээ.
• Дайны үед ойролцоогоор 50 удаагийн тоглолт хийжээ.
• 1947—1950 онд америкийн армийн хэд хэдэн дээд одонгоор шагнуулсан
• 1946-1951 онд кино урлагтаа эргэн ирэв
• Үүний зэрэгцээ радио нэвтрүүлэг хөтлөж, томоохон сэтгүүлүүдэд нийтлэл бичиж байлаа
• 1953 онд Лас-Вегаст дуучин гэдэг утгаараа ажиллаж байсан
• 1960 онд ХБНГУ-д айлчлан тоглолтоо хийсэн
• 1963 онд Москва, Ленинградад…
•
Сүүлчийн он жилүүд:
1975 онд тэр Сиднейд осолд орсоны улмаас хүнд гэмтэл авч үүний улмаас мэргэжлийн карьераа орхихоос өөр аргагүй болжээ. Түүнээс хойш жил ч болоогүй байтал нөхөр Рудольф Зибер нь хорт хавдарын улмаас хорвоон орхисон байна. Уйтгар гунигт автаад байх тэр үед буюу 1978 онд Марлений тоглосон хамгийн сүүлчийн кино нь “Хөөрхөн бас ядуу” гэх нэрээр дэлгэцнээ гарлаа. Энэ удаад түүний дэлгэцийн хамтрагч нь нэрт рокер Дэвид Боуи байжээ. Дитрих энэ киноныхоо бүх саундтрект оролцож хөгжмийг нь бичилцжээ. 1979 Германд түүний бичсэн “Marlene Dietrich ABC” хэмээх ном хэд хэдэн орны хэл дээр хэвлэгдэн худалдаанд гарсан. Тэр явдлаас хойш Марлен архинд донтох болж Парисийн Монтень авеню дахь гэрээсээ ч цухуйхаа больж гадаад ертөнцтэй зөвхөн утсаар л харьцах болов. Ийм байдал бүтэн 11 жил үргэлжилсэн гээд төсөөл дөө…
1982 онд Максимилиан Шелл гэх найруулагчид өөрийнх нь тухай баримтат киног хийхийг Дитрих зөвшөөрчээ. Гэхдээ нэг ч кадрт өөрийн зүс царайгаа гаргахгүй гэсэн болзолоор зөвшөөрөл гаргажээ. Шелл “Марлен” хэмээх киног бүтээлээ. Ярилцлагаа аудио бичлэгээр хийж, архивийн бичлэгэээс ашиглаж. Хатагтайд бүтээл ихэд таалагдсан гэдэг.
1992 оны таван сард Марлен Дитрих Парис дахь “гэр шорондоо” хорвоог орхижээ. Салах ёслол “Мадлен” гэх сүмд бллоо. Харин түүнийг америкийн далбаанд өлгийдөн Штадттишер Фридхофийн оршуулгын газарт эхийнх нь шарилын дэргэд нутаглуулжээ. Нас барсаных нь дараа түүнийх гэх 40 мянга орчим эд зүйсийг нь ойр дотныхон нь гэрээс нь болон тусгай хамгаалалтын компаниас олж цуглуулсан байдаг.
Хамгийн хачирхалтай нь түүний оршуулганд Холливудаас нэг ч төлөөлөл ирээгүй гэдэг…
Бэлтгэсэн Р.Слава