УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Хүний эрх ба эрүү шүүлтийн асуудал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт хуулийн байгууллагын төлөөлөл болон эрүүдэн шүүхийн эсрэг төрийн бус байгууллагууд оролцлоо. Монголын хууль хяналтын байгууллагууд эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хэрхэн хангаж ажиллаж байгаа эсэх талаар мэдээллийг сонсож, санал солилцож, зөвлөмж гаргах юм байна. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь нээж үг хэлсэн бөгөөд хүний эрхийг хангах нь зөвхөн төрийн бус хүн бүрийн үүрэг бөгөөд төрийн бус байгууллагууд хамгийн нөлөө бүхий платформ болж чадна гэдгийг илэрхийлсэн юм.
2017 онд эрүү шүүлттэй холбоотойгоор 51 гомдол мэдээлэл ирснээс 40 гомдол нь цагдаагийн албан хаагч, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчдын үйлдэлтэй холбоотой байжээ. Эрүү шүүлт нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хамгийн их байгааг албаныхан хэлж байлаа.
Мөн эрүү шүүлт тусгах, эрүүдэн шүүхгүй байх чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авах, зөвлөмж, сургалт хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч, хорих анги, баривчлан саатуулах газарт хяналтыг сайжруулах, цагдан хоригдсон этгээдийн өрөөг зөвшөөрөлгүй солих, цагдан хорих байрны тусгай өрөөнүүдийг бүгдийг нь татан буулгажээ.