Жилийн жилд үндэсний их баяр наадмын өмнө хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийн асуудал хурцаар тавигддаг ч хүүхдүүд бэртэж гэмтэх тохиол буурахгүй хэвээр.
Тухайлбал, дөрөвхөн настай охиноо хамгаалах хэрэгсэлгүй морь унуулж уралдуулснаас гэмтээсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ даваа гарагт Дундговь аймагт Халзангийн уулын тахилга болжээ. Уг уулын тахилгын морины уралдаанд даага унаж уралдсан дөрвөн настай охин мориноосоо унаж бэртэн аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ талаар дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад оройн 23 цагт ирүүлсэн бөгөөд дуудлагын дагуу шалгахад Халзангийн уулын тахилгад морин уралдаанд оролцож байсан морь унаач дөрвөн настай Д охин уралдааны үеэр унаж дөрвөн шүдээ хугалж, нүүрэндээ хүнд гэмтэл авсан байжээ.
Уг хэргийг Дундговь аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй хэмээлээ.