Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс 523.3 тэрбум төгрөг, цайр 41.4тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш 13.5 тэрбум төгрөг, бусад 35.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ.
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний V сард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (20.1%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 953.6 (19.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5 (29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 6.1 (73.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 5.2 (62.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний V сарын гүйцэтгэлээр 5.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 514.5 (10.2%) сая ам.доллараар өсчээ. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 948.3 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Экспорт:
Экспорт 3.3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 378.2 (13.2%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6% буюу нийт экспортын 83.1 хувийг эзэлж байна.
Импорт:
2.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 136.3 (6.3%) сая ам.доллараар өссөн байна.
2019 оны тавдугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:
Шинээр ашиглалтад шилжсэн тусгай зөвшөөрөл-3
Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах-11
Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-2
Тусгай зөвшөөрлийн барьцаалсныг бүртгэсэн-1
Хэсэгчлэн буцааж өгсөн-8
Цуцлагдсан -6
Хугацаа дуусгавар болсон-41
Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт-58
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР
Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 3.01 сая баррель буюу 408,091 тонн газрын тос олборлож, 2.84 саябаррель буюу 385,746 тонн газрын тос экспортлов.
Тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар улсын төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулав. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.
Үүнээс:
А-80 автобензин 45;
Аи-92 автобензин 35;
Дизелийн түлш 19;
ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна.