“Youtube” суваг дээр нийтэлсэн хоёрхон уран бүтээл нь 20 сая давсан хандалттай (долоон сарын хугацаанд) монгол хамтлаг байна. Үр дүнгийн эзэд нь мэдээж The HU-гийнхан юм. Тэд рок урсгалын фенүүдийг төдийгүй энэ хэмнэлийг таашаадаггүй залуусыг ч өдрөөс өдөрт өөрсдөдөө уусгаж буй “шидтэн”-гүүд билээ. “The HU” хамтлагийн “Чонон сүлд” дуу АНУ-ын ITUNES-д “US TOP” 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан билээ. Тус хамтлагийн дуу Лэйди Гагагийн “Always remember us this way”, “Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын өмнө бичигдэж байв.
Оросын уран бүтээлч Оксана Панченко сүүлийн үед дэлхийг донсолгож байгаа Монголын “The Hu” хамтлагт зориулан хүүхэлдэй урлажээ. Энэ нь түүний “Чингис хааны үр сад” төслийн үргэлжлэл болж байгаа юм. Одоогийн байдлаар хоёр хүүхэлдэй бэлэн болоод байгаа гэнэ.
Оксана Панченко төслийнхөө талаар “Энэ бол “The Hu” хамтлагийн дууг сонсоод урам зориг орсон бяцхан хөгжимчид юм. Удахгүй хамтлагийн бусад гишүүдийг хийж дуусгахаар тэд РОК-ын жинхэнэ од болцгооно. Би Москвагийн ойролцоо төрсөн. 1987-1991 онд Улаанбаатарт амьдарч байсан. Тэр үеэс Монголын сайхан оронд хайртай болсон” гэж ярьсан байна.